Баянзүрх дүүргийг бүтэн нэг жилийн хугацаанд Засаг даргагүй байсан мэтээр мэдээлэл цацаж байгаа нь ташаа болохыг албаны хүмүүс хэллээ. Өнгөрсөн хугацаанд Д.Пүрэвдаваа нь Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэж байсан юм. Харин тэрбээр өнгөрсөн сард өөрийн хүсэлтээр Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Тодруулбал, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Д.Пүрэвдаваа нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр өгсөн хүсэлтдээ “Миний бие 2012 оны 12 дугаар сараас одоог хүртэл тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Цаашид өөр ажилд шилжин ажиллахаар болсон тул Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг минь хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Б/171 тоот захирамж гаргаж, Д.Пүрэвдавааг өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлсөн байна.
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Т.Баясахыг дүүргийн Засаг даргаар томилуулах саналыг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хотын даргад хүргүүлсэн байна. Уг саналдаа “Т.Баясахыг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилохыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн.” гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн уг саналыг шийдвэрлэх боломжгүй болохыг 8 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн засаг даргын тамгын газраас хариу мэдэгдсэн байдаг. Учир нь Т.Баясахыг Засаг даргаар томилохыг дэмжсэн уг хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д заасан “Сонгогдсон нийт төлөөлөгчдийн олонх хүрэлцэн ирснээр тухайн хурлыг хүчинтэйд тооцно.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь 2 намын бүлэг оролцон, хуулийн дагуу хуралдаж, олонхиороо шийдвэрээ гаргаж,хуулийн дагуу Засаг даргаар ажиллах хүнээ томилуулахаар өргөн барьвал Нийслэлийн Засаг дарга батламжлахад бэлэн байна. Тиймээс иргэдийн эрх ашгийг хүндэтгэж, хууль тогтоомжийн дагуу Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулах саналаа шийдвэрлэн ирүүлэхийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлынханд мэдэгдээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.