Урвагч У.Хүрэлсүх Увсын фракцитай нийлж МАН-ын хойдохыг уншихаар шийджээ

Ирэх даваа гаригт УИХ-ын нэр бүхий 20 орчим гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барих гэж байгаа тухай мэдээлэл хөвөрч эхэллээ. Эх сурвалжууд өргөх бичигт Ж.Энхбаяр, Я.Содбаатар, М.Оюунчимэг, Сү.Батболд нарын гишүүд гарын үсэг зурсан талаар ярьж, бичиж байна.
Өчигдөр орой (2017.08.18) УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн “25-р суваг” телевизэд ярилцлага өгөхдөө МАН-ын нэр нарийн холбогдсон “60 тэрбум”-ийн бичлэгийг эвлүүлэг биш хэмээн хэлж, намын Удирдах Зөвлөл ч, Засгийн газар ч огцрох ёстой гэв. Засгийн газрыг огцруулахаар бэлдсэн бичгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нэр дээр үйлдсэн гэж байгаа ч одоохондоо барааг нь харсан хүн алга байна. Гэхдээ энэ мэдээллийг У.Хүрэлсүхийн талаас тарааж байгаа гэдэг нь тодорхой болжээ.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сөрөг хүчнээс нэр дэвшсэн Х.Баттулгыг дэмжин ажиллаж, намаасаа урвасан нь тодорхой болсон. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр түүний найруулагч Б.Баатартай ярьсан утасны яриа нь тархаж, тэр нүүр хийх газаргүй шахам болчихсон яваа. “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг одоо У.Хүрэлсүх намаа дотроос нь самарч, генсек Д.Амарбаясгалан тэргүүтэй Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, хэдэн залуучуудыг гар хөлдөө ашиглаж байна.
Урвагч гэдэг нь тодорхой болсон У.Хүрэлсүхийг МАН дотор УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж сайн түлхүүрдэж байгаа бололтой. Өчигдөр “25 дугаар суваг” телевизэд ярилцлага өгөхдөө тэр Засгийн газрыг унагаахад гар бие оролцоно гэдэг санаагаа цухуйлгачихсан.
Сонирхолтой нь УИХ-ын дэд даргын ард нутаг нуга, хөрөнгө мөнгө, түрийвчээрээ нарийн холбогдсон, Монголын улс төрийг нэлээдгүй бужигнуулж, сүүлийн үед эрч нь жаахан буурсан Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Ц.Нямдорж тэргүүтэй Увсын фракцийнхан (UBS) зогсож байгаа юм байна. Үүгээр амь нь бараг тасарч байсан “UBS” фракц сэхэж зарлаж, монголын хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь атгахыг санаархаж байгаа бололтой.
Увсын фракцийн толгойлогчдын нэг Н.Алтанхуяг болон бусад хүнд хууль хяналтын байгууллагынхнаас хариугаа авах бодол маш их бий. Хүргэн Г.Дэнзэн, зөвлөх Л.Гансүх гээд албан тушаал, авлигын хэргээр түүний ойрын хэд хэдэн хүн шүүхээс ял сонссон байгаа.
Тэдэн дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтынх нь 40-50 хувийг бэлдэж өгсөн У.Хүрэлсүх дүүгээ дэмжиж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга нэмэгдэж байна. Ийнхүү урвагч У.Хүрэлсүх Увсын фракцитай нийлж МАН-ын хойдохыг уншихаар шийджээ.
Н.ТУНГАЛАГ