АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн Пүрэв гарагт Жоржиа мужийн Фултон тойргийн шоронд сэжигтнээр бүртгүүлснийхээ дараа барьцааны мөнгөөр суллагдсан юм.
Түүнийг 2020 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр Жоржиа мужийн сонгуулийн хороонд дарамт шахалт үзүүлсэн хэрэгт буруутгаж байгаа.
Цагдаа нар Трампын материалыг бүрдүүлэхдээ гэрэл зургийг нь авч хавсаргасан юм. Ингэснээр тэр АНУ-ын түүхэнд сэжигтний гэрэл зураг авхуулсан анхны ерөнхийлөгч асан болсон байна.
Шоронд цагдаагаар зураг авхуулсныгаа Трамп дараа нь “аймшигтай мэдрэмж”, “таатай санагдаагүй” гэх зэргээр ярьсан юм.
Зөвхөн Баасан гарагт $4.18 саяыг олсон нь Трампын сонгуулийн кампанит ажлын түүхэнд нэг өдрийн дотор хамгийн их мөнгө орсон тохиолдол болсныг түүний штабын хэвлэлийн төлөөлөгч Стивен Чюн өчигдөр сошиал хуудсандаа мэдээлсэн байна.
Жоржиа мужийн сонгуулийн тойрогтой холбоотой хэргээс гадна Трамп өөр дөрвөн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа.
Энэ оны эхний хагаст тэр сонгуулийн кампанит ажилдаа $53 саяын хандив цуглуулсан нь саяхан нийтлэгдсэн тайлангаас харагдсан юм.
Үүнээс гадна Трамп 2021 оны нэгдүгээр сараас хойш өөрийгөө өмгөөлүүлэхэд 100 орчим хуульч, хуулийн фирмийг хөлсөлж, тэдгээрт нийтдээ $59.2 саяыг зарцуулжээ.