Реал Мадридын довтлогч, Португалийн шигшээ багийн тамирчин Криштиану Роналду эзэн хааны клубын төлөөх тоглолтынхоо тоогоор домогт хөлбөмбөгчин Альфредо Ди Стефанотой зэрэгцлээ.
Ийнхүү Роналду, Ди Стефано нар “Реал”-ын төлөө тус бүр 396 тоглолтод оролцсон болж тэнцэв. Аргентин, Испанийн домогт хөлбөмбөгчин тус клубт байх хугацаандаа 307 гоол оруулсан бол португал тамирчин 100 бөмбөгөөр илүү буюу 407 гоол хийжээ.
Ди Стефано 1953-1964 онд “Реал”-д тоглож байсан юм. Тэрээр тус клубт байх хугацаандаа Испанийн найман удаагийн аварга болж, Европын аваргуудын цомд таван удаа түрүүлж байжээ.