БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон холбогдох албаны хүмүүс Завхан аймагт ажиллаж, салбарын төлөөллүүдтэй уулзлаа.
Тус аймагт БОАЖЯ-ны харьяа 7 газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар, Хомын талын байгалийн цогцолборт газар, Хяргас-Завхан гол болон Идэр голын сав газрын захиргаа, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газарт нийт 100 гаруй албан хаагч ажиллаж байна.
Засагт ханы суурин дээр 1923 онд байгуулагдаж, түүхт 100 жилийн ойг тэмдэглэж буй Завхан аймаг нь далайн түвшнээс дээш 2000 метрт оршдог ба 24 сум, 113 багт 72000 хүн амьдарч байна.
Аймгийн хэмжээнд 1220 гаруй түүх соёлын үл хөдлөх дурсгал, 800 гаруй булаг шанд, 40 гаруй рашаан, 340 гаруй гол горхи, 230 гаруй нуур тойромтой, ховор ан амьтан, жигүүртэн шувуудаар баялаг бөгөөд байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор Улсын тусгай хамгаалалттай 3 газар ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газрууд нь Завхан аймгийн аяллын гол чиглэл, маршрутад багтдаг бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр нийт 81 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 4 зочид буудал, 33 дэн буудал, 21 жуулчны бааз, 6 рашаан сувилал ажиллаж байна.
2023 оны эхний хагас жилийн байдлаар Завхан аймагт 20000 дотоод, 12000 гадаад жуулчин нийт 32000 гаруй жуулчин иржээ.
Эдгээр жуулчин Отгонтэнгэр хайрхан, Улаагчины хар нуур, Мухартын гол, Сэнжит хад, Баян нуур, Бор хярын элс, Дааган дэлийн буган чулуун хөшөө, Ямаан усны Хүннүгийн үеийн язгууртны дурсгалт газар, Улаан хаалга, Отгонтэнгэрийн рашаан сувиллуудад зочилж байна.
Түүнчлэн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар салбарын албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэж, нийгмийн байдал нэг шат ахиж, мөн Тусгай хамгаалалттай газар нутагт орох хураамжийн үнэ нэмэгдсэнээр байгаль хамгаалагчдад урамшуулал олгох тогтолцоо бүрдсэн юм.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цалин нэмэгдэх хэрээр хариуцлага нэмэгдэж байгааг онцолж цаашид байгаль орчны хяналтыг сайжруулах, зориулалтын бусаар газар ашиглаж буй газар олголтыг зогсоох, өөрийн ашиг сонирхлын дагуу хууль бус шийдвэр гаргаж буй албан хаагчдад хариуцлага тооцох ажиллагаа салбарын хэмжээнд эрчимтэй явагдаж байгаа тухай мэдээлэл өгч, өнөөгийн тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний тухай санал солилцлоо.
Эх сурвалж: БОАЖЯ