Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад 30,879 шалгуулагч хамрагджээ.
Хэл бичгийн шалгалтын улсын дүн мэдээг танилцуулбал: 4,856 шалгуулагч босго оноо хүрээгүй буюу 400-аас бага оноо авчээ. Өөрөөр хэлбэл, шалгалт өгсөн нийт сурагчийн 15 орчим хувь нь босго оноо даваагүй бөгөөд 400 онооны босго хүрээгүй олон сурагчтай аймаг нь Баян-Өлгий байна. Баян-Өлгий аймгийн сурагчдын Монгол хэл бичгийн хичээлд хэрхэн анхаарах, боловсролын чанар хүртээмжийн талаар Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн захирал Л.Ганбатаас тодруулга авсан байна.
Тэрээр энэ талаар “Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2023 оныг сургуулийн менежментийг сайжруулах жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн боловсролын чанарын хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр БШУЯ-наас онцгойлон ач холбогдол өгч байна.
Тухайлбал, Баян-Өлгий аймагт сайдын тушаалаар томилогдсон өргөн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг тогтмол очиж ажиллаж байгаа. Түүнчлэн МУБИС-ийн төгсөх курсийн оюутнуудыг аваачиж, тус аймгийн сурагчдад Монгол хэл заах зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний үр дүн гарч байгаа.
Монгол хэл бичгийн шалгалтыг анх авч эхэлж байх үед маш доогуур үзүүлэлттэй байсан. Энэ шалгалтын онцлог нь тодорхой өгөгдсөн сэдвийн дагуу эх зохиож, найруулан бичих даалгавартай. Анх шалгалт авч эхлэх үед эх зохион найруулах хэсгийг олон хүүхэд хоосон өгдөг байсан. Одоо бүх сурагч бичдэг болсон. Жил ирэх тусам сайжирч байна. Гол нь бичиж байгаа эхийнхээ агуулга, чанарт нь анхаарах зайлшгүй шаардлагатай. Нэг жилийн дотор гэнэт огцом сайжирна гэж байхгүй. Бага багаар сайжирч байгаа үр дүн бодитой харагдаж буй” хэмээн хэллээ.
Монгол хэл бичгийн шалгалтыг ирэх арваннэгдүгээр сард дахин зохион байгуулна. Иймд шалгалтынхаа босго оноог даваагүй хүүхдүүд дахин орох боломжтой. Мөн холбогдох журамд заасны дагуу ЭЕШ-ын оноо 2.5 жилийн хугацаанд хүчинтэй гэдгийг тэрбээр нэмж ярив.