Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн орон нутаг дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2023.04.20/ Дундговь аймагт эхэллээ. Тус хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ахлан ажиллаж байгаа бөгөөд тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, өөрчлөлт орох зүйл заалтын агуулга, үндэслэл, хэрэгцээ шаардлагын талаарх танилцуулгыг олон нийтэд хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн санаа бодлыг сонсож, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаарх асуултад хариулт өгч, уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар санал асуулга явуулахын зэрэгцээ иргэдээс гаргасан санал хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлахаар боллоо. Энэхүү хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад зохион байгуулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: ХЗДХЯ