Соёлын сайд Ч.Номин өчигдөр (2023.04.19) Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн 2022 оны 11-р сараас эхлэн есөн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын 4000 гаруй хүнийг оролцуулан хуулийн төсөлд санал авч, хуулийн төслийг 6 бүлэг, 30 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, өнөөдөр УИХ-д өргөн барив.
Хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин:
“Өнөөдөр бид Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барилаа. Энэхүү хуулийн төслийг сүүлийн хоёр жилийн турш судлаад, салбарын төлөөллүүдээр хэлэлцүүлсэн.
Урлахуйн үйлдвэрлэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгддэг.
“ЮНЕСКО”-гоос хийсэн судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар 2.2 их наяд ам.долларын орлоготой, 30 гаруй сая ажлын байрыг бий болгож, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Иймд дэлхийн нийтээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж, цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, цаашид улс орны тогтвортой хөгжлийг хангах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх гол салбараар нэрлэж байна.
Тиймээс бид дотооддоо ийм судалгаатай, тоо баримттай болохын тулд Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг анх удаа хийлгэсэн. Судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-д оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөг буюу улсын дүнд 1.4 хувийг эзэлж байгааг тогтоосон.
Энэ салбарт 11,697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 5,665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа. Манай улсын хувьд соёлын салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж үйлчилж байгаа боловч өөрийн орны өвөрмөц онцлогийг хадгалан, нөөц боломж, технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж давамгай соёлын нөлөөлөл болон дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг даван туулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцоор нь төрийн бодлогоор дэмжих зохицуулалт хангалтгүй байсан. Иймд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг бодлогын баримт бичгүүдэд заасан зорилт, практик шаардлагад нийцүүлж боловсруулсан.
Хуулийн төсөлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан.
Уг хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц нэмэгдэнэ гэж харж байна. Мөн төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр тодорхой болж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, түгээхтэй холбоотой үе шат бүрд бүртгэл, мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг хэмжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар сайжирч, гадаад зах зээлд өрсөлдөх боломж бүрдэн, ажлын байр нэмэгдэж, Монгол хүний шавхагдашгүй баялаг оюуны бүтээлийг сурталчлах, эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг бүрдүүлэх юм” гэлээ.
Монгол Улсын Засгийн газар 2022 оны наймдугаар сарын 24-ний өдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээг батлах тухай тогтоол гаргасан бөгөөд 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “… үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацийн салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг юм.
Эх сурвалж: Соёлын яам
1 comment
I could not resiet commenting. Well written!