ХЭҮК-оос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.
Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын уулзалтын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Үүнтэй холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд Х.Булгантуяа нарт тус тус даалгав.
Мөн “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунанд зөвлөж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Тус комиссын гишүүдээс гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.
Товч мэдээ
- Засгийн газар Жамбалдоржийн Таныг Оюу Толгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ.
- Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх “Монгол ган цогцолбор” төслийн 77,7 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцлыг баталлаа.
- БНСУ-ын Сөүл хотноо 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг БОАЖ-ын сайдад даалгав.
- Хилийн боомтын захиргааны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталлаа. Орон тооны дээд хязгаарыг 52 байхаар шинэчлэн тогтоолоо.
- Вена хотноо 2023 оны гуравдугаар сарын 21-нд зохион байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын наймдугаар хуралдааны дүнг хэлэлцэн сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд бөгөөд Монгол Австрийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Н.Учралд даалгалаа.
- Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойг ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, тулгаралтад оролцсон аймаг, сумдын гүйцэтгэсэн үүргийг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах зорилгоор Ховд аймгийн Булган суманд энэ оны зургадугаар сарын 8-нд зохион байгуулна.
- Батаагийн Батцэцэгийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Б.Батцэцэг улсад 16, төрийн албанд 14 жил ажилласан. Тус албанд томилогдохоосоо өмнө Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар