Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, 10 хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал
Иргэн, ААН-үүдэд улс хоорондын тээврийн хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийг бодитоор гаргаагүй зэргээр хахууль авсан удирдан албан тушаалтан болон ажилтнууд:
- Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан “А”,
- Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн “М”,
- Авто тээврийн хяналтын мэргэжилтэн “О” нар
Иргэн, ААН-үүдийн автомашин, чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт орж, тэнцсэн мэтээр хуурамч мэдээллийг санд оруулсан удирдан албан тушаалтан болон ажилтнууд:
- “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан “Б”,
- Увс аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байсан “З”,
- Техникийн хяналтын үзлэгийн инженер “А”,
- Техникийн хяналтын үзлэгийн техникч “Б”
Тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл, техникийн үзлэг, оношилгоог хийлгээгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлтийг гаргаж, хахууль авсан удирдан албан тушаалтан болон ажилтнууд:
- “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан “Д”,
- Авто тээврийн хяналтын мэргэжилтэн “О”,
- Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер “Ш” нарт яллах дүгнэлт үйлдсэнийг УЕПГ-аас мэдээллээ.