Монгол орны нийт нутгийн 25 хувьд зудын эрсдэл их, 35 хувьд дунд зэрэг бол 20 шахам хувьд бага, 20 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй байх зураглал Цаг уурын байгууллагаас гарчээ.
Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгийн зарим нутаг зудын эрсдэл их зэрэглэлд байна.
Энэ жил гандуу болон гантай байсан баруун, говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон, нэгжийн ургац бага, малын тоо ихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.