Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замд мал дайрагдах осол 2021 онд зургаа, 2022 онд найм бүртгэгджээ. Ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр малд гэрэл ойлгогчтой хүзүүвч зүүж гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авсан байна.
Энэ талаар Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Энхбаяр “Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран төв замын ойролцоо нутаглаж буй малчдын төлөөлөлтэй уулзсан. Хариуцлагаа сайжруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч малд гэрэл ойлгогч хүзүүвч зүүжээ. Энэ нь зам тээврийн осол буурахад тодорхой үр дүн өгч байгаа гэж харж байна” гэв.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байна гэж заасан байдаг. Энэхүү заалтыг зөрчсөний улмаас осол гарсан бол малын эзнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулж, ослоос болсон гэм хорыг арилгуулах арга хэмжээ авдаг.