Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын барилдаан болох бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа юм. Үүнд ОУХМ Энхтайваны Ариунболд, ОУХМ Энхтайваны Сумьяабазар нар өрсөлдөгчдөө ялж, шигшээ 16-д шалгаран үлдээ.
Тодруулбал, ОУХМ Энхтайваны Ариунболд C хэсэгт Чехийн Давид Пулкрабектэй барилдаж ялсан бөгөөд хэсгийн аваргын төлөө Гүрж гаралтай Нидерландын жүдоч Торнике Тчакадой барилдана. Харин ОУХМ Энхтайваны Сумьяабазар нь Египетийн Ёссри Самитай таарч, цагийн төгсгөлд вазари үнэлгээ авч дийлсэн бөгөөд Тайванийн бөх, олимпын мөнгөн медальт Ян Юн Вэйтэй хэсгийн аваргын төлөө барилдах боллоо.
Тэмцээнд дэлхийн 82 улсаас эрэгтэй 310, эмэгтэй 261 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас 18 тамирчин оролцож байна.