Нийгмийн сүлжээнд нийтийн тээврийн автобус хүүхэд шүргэж унагаад цааш замын хөдөлгөөнд оролцож буй бичлэг тархжээ. Уг бичлэгийн талаар Нийслэлийн НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар тайлбар хийлээ. Тэрээр “Тус үйл явдал 2022 оны тавдугаар сарын тавны өдөр болсон.
Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг эрүүгийн цагдаагийн газар шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. Харин Blue bus компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, 3 сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй. Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгаа” гэв.