Монгол Улсын сайд Ж.Сүхбаатартай уулзаж түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний тухай танилцаж санал солилцсон тухай мэдээллээ МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин цахим хуудсаараа хуваалцлаа.
Тэрбээр “Монгол Улсын сайд Ж.Сүхбаатартай уулзаж түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний тухай танилцаж санал солилцлоо.
МҮХАҮТ-аас төвлөрлийг бууруулахын тулд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, ААН-үүд хотын зах болон орон нутагт шилжих боломжтой талаар “Хотын төвлөрлийг сааруулахад топ ААН-үүдэд шаардагдах дэмжлэг тодруулах судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.
Нийгмийн даатгалын шимтгэл болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгох нэгдсэн байдлаар газар, дэд бүтцийг шийдэх тохиолдолд хотоос нүүх боломжтой гэх үр дүн гарсан.
Нэгэнт баригдсан үйлдвэр, объектууд нүүлгэх зардал өндөр тул шинээр барих үйлдвэрлэлийн зориулалттай объектыг хотын захад байрлахаар зохицуулах нь зардлын хэмнэлттэй байх тухай дурдав.
Мөн хотоос хөдөөд шилжих сонголтод хөдөөгийн хөгжил, дэд бүтцийн асуудал чухал ач холбогдолтой.
Монгол улсын 21 аймгийн хөгжил харьцангуй ялгаатай, орлогын түвшин харилцан адилгүй байгаа нь хот руу нүүх нэг шалтгаан болно.
Аймгуудын хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадвар, өрсөлдөөний давуу талыг бий болгох, бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх байдлаар орон нутагтаа илүү орлого олдог, тав тухтай амьдардаг орчныг бүрдүүлэх нь чухал.
Аймгуудын өрсөлдөх чадварын индексийг харвал Орхон аймаг 1-т жагсаж байхад хөрш орших Булган аймаг хамгийн сүүлд жагсдаг.
МҮХАҮТ-аас Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран Булган аймгийн хөгжлийн Системийн динамик загварыг боловсруулж байна.
Уг загварын үр дүнд өрсөлдөх чадвараар хамгийн мууд тооцогдож буй Булган аймаг хэрхэн, ямар салбарт түшиглэн хөгжиж Орхон аймгийн түвшинд хүрэхийг тодорхойлно.
Хэрвээ бид хамгийн муу үзүүлэлттэй аймгийг хөгжүүлж болохыг харуулж чадвал бусад аймгийн хувьд ч системийн динамик загвар боловсруулж өөрсдийн хөгжлийн гарцыг тодорхойлох боломжтой болно” гэжээ.
Б.Ирээдүй