Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа явуулах тухай мэдэгдэл гаргасны дараа тус улсаас гарах нислэгийн тийз зарагдаж дууссан тухай The Moscow Times мэдээлсэн. Тэгвэл Буриадад ч мөн ялгаагүй ийм нөхцөл байдал үүссэн талаар Улаан-Үд дэх “Номер 1” сонин мэдээлжээ.
Тус сонины сайтад бичсэнээр Буриадыг гадаад ертөнцтэй холбодог Монгол руу явах чиглэлийн тасалбарын эрэлт есдүгээр сарын 20-ноос хойш нэмэгдсэн бөгөөд Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз бараг үлдээгүй гэжээ.
Улаан-Үд дэх нэгэн аяллын компанийн төлөөлөгч “Өчигдөр үдээс хойш утас зайгүй дуугарч, зөвхөн Улаан-Үдээс ч биш, өөр газруудаас ч залгаж, Оросоос яаралтай гарах тасалбар сураглаж байсан” гэв. Тус компани бүх хүмүүсийн хүсэлтийг гүйцэлдүүлэх боломжгүй байсан ч тодорхой цаг хугацааны тасалбаруудыг зараад дууссан гэжээ. Түүнчлэн “Хүннү Эйр” компаниас асуухад есдүгээр сарын 22-ны бүх тийз зарагдаж дууссан бол 24-ний өдрийн сул суудал байгаа гэж хэлсэн тухай “Номер-1” сонин мэдээлсэн байна.
Түүнчлэн тус сайтад “Хүннү Эйр” компани арваннэгдүгээр сараас Улаан-Үд чиглэлийн нислэгийн тоогоо нэмж, долоо хоногт тав хүртэлх удаа нисэхээр болсон тухай мэдээлжээ. “Хүннү Эйр”-ийн Фэйсбүүк хуудаст “Манай компанийн өвлийн хуваарь батлагдаж борлуулалтад гарсан бөгөөд 2022 оны аравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2023 оны гуравдугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд доорх чиглэлд дараах хуваарийн дагуу нислэг үйлдэнэ.
Алматы – 1…4…
Бишкек – …..6.
Улаан Үд – 1234.6.
Ховд – ….5.” гэжээ.
Эх сурвалж: Улаан-Үд дэх “Номер-1” сонин, “Хүннү Эйр” компанийн Фэйсбүүк хуудас