Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулган (АНДЧ)-ы 27 дугаар ээлжит хурал 2022 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд цахимаар болж өндөрлөлөө. Тус хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Д.Сүнжид, Г.Нарантуяа нар оролцов.
Хурлын эхний өдөр “Эрүүл, аюулгүй амьдрах эрх бүх нийтийн эрх” сэдэвт хуралдаан болсон. Уг хуралдаанд:
– Филиппин Улсын Хүний эрхийн Комиссын Ажлын албаны дарга Жаклин дө Гуйяа “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх үндэсний хяналт шалгалт”,
– Мальдив Улсын Хүний эрхийн Комиссын дэд дарга Ахмед Адхэм “Уур амьсгалын өөрчлөлтийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо (ХЭҮБДХ)-ны хуралдаан”-ы үйл ажилллагаа,
– АНДЧ-ны Чуулганы шинжээч Ромуло Наяселеву “Зүүн өмнөд Ази, Номхон далай бүс дэх ХЭҮБ-ууд болон Засгийн газар хоорондын механизмуудын харилцааг бэхжүүлэх тухай АНДЧ-ы төсөл” сэдвээр танилцуулга хийж, асуулт хариулт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хурлын хоёр дахь өдөр АНДЧ-ы гишүүн байгууллагууд Чуулганы үйл ажиллагааны тайлан, жендэрийн тэгш байдлын үнэлгээ, ХЭҮБДХ-ны ажлын тойм тайлан зэрэг асуудлаар мэдээлэл сонсов.
Мөн энэ удаагийн хурлаар Фижи Улсын Хүний эрх, Ялгаварлан Гадуурхалттай Тэмцэх Комиссын АНДЧ-нд элсэх хүсэлтийг хэлэлцэж тус байгууллагын гишүүнээр батламжлав.
Энэ хурлын онцлох асуудлын нэг нь Удирдах хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан зохион байгуулсан Удирдах хорооны шинэ бүрэлдэхүүнийг сонгох санал хураалтын үйл ажиллагаа байлаа.
Хорооны шинэ бүрэлдэхүүнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Бүгд Найрамдах Солонгос улс болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын ХЭҮБ-уудын дарга нарын хамтаар нэрээ дэвшүүлсэн.
Улмаар санал хураалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунанг Удирдах хорооны гишүүн бөгөөд АНДЧ-ы орлогч даргаар сонголоо гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.