Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 22-26-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
Энэ талаар ГХЯ-наас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулав.
Засгийн газрын шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэхдээ, “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган “Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчирхуйц шийдлүүд” сэдвийн дор болох юм.
Чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, 3 улсын Шадар сайд, 28 улсын сайд оролцох төлөвтэй байна. Ерөнхийлөгч энэ сарын 21-нд Ерөнхий санал шүүмжлэлд оролцон олон улсын харилцааны тулгамдсан асуудлаарх Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, нийгэм эдийн засгийн байдал, тулгамдаж буй бэрхшээлийг даван туулах бодлогыг танилцуулж үг хэлнэ. Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон зарим орны төр, засгийн тэргүүнтэй уулзах юм” гэлээ.