Эрчим хүчний сайд Н.Тавихбэхийн Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр хийсэн мэдээллийг тоймлон хүргэе.
Монгол Улсын эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгааг тодотгосон.
Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 63 зуухнаас өнөөдрийн байдлаар ажилд 23, 43 турбогенератороос 22 нь ажиллаж байна. Бэлтгэлд 26 зуух, 15 турбогенератор, засварт 14 зуух, 7 турбогенератор байгаа ба өнөөдрийн байдлаар системийн горим ажиллагаа хэвийн байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад эрчим хүчний салбарын 33 үйлдвэр, компанийн хэмжээнд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэл дунджаар 68.4 хувьтай байна. Үлдсэн хугацаанд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангахаар ажиллаж байна. Дулааны цахилгаан станцуудын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 60, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хэмжээнд 69, дулааны станц, дулааны сүлжээний хэмжээнд 81, уурхай, Тавантолгойн түлшний хэмжээ 58 хувьтай байна гэв.
Мөн тэрбээр, өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд, дулааны станц 294 мянган тонн нүүрс, 1460 тонн мазутын нөөцтэй байна. Энэ нь өвлийн их ачааллаар тооцвол 6-28 хоногийн нөөцтэй байна гэсэн үг. Холбогдох дүрэм, журмын дагуу бид өвлийн бэлтгэлд нүүрсний нөөцийн хэмжээг 14 хоногтой байлгах шаардлагатай байдгийг дурдаад “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн (мидлинг) нөөц 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 149.1 мянган тонн, барьцалдуулагч бодис 3.9 мянган тонн нөөцтэй байна. Сайжруулсан шахмал түлшний нөөц өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 90 мянган тонн байна. Энэ жил Засгийн газрын тогтоолоор 150-200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх шаардлагатай. 2022-2023 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 670 борлуулалтын цэг ажиллуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 430 цэг гэрээ байгуулсан, 140 цэгийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна гэж байлаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаарх мэдээлэлдээ, цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болгосон боловч 2019 оноос хойш гурван жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөг, 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллахаар байна.
Иймд цахилгааны дундаж үнэ болох 175.0 төгрөг/кВт.ц-ийг 28.0-30.0 хувиар нэмэгдүүлж бодит өртөгт нь нийцүүлэх шаардлага үүсээд байгааг онцлов.
Мөн хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаагаас дулааны цахилгаан станцуудын болон цахилгаан шугам сүлжээний гэмтэл, саатал нэмэгдэж байна. Тухайлбал, Дулааны IV цахилгаан станцын зуух 2021 онд 66 удаа зогссон бөгөөд энэ нь зуухны экран хоолойг 1997 онд шинэчилснээс хойших хугацаанд засвар, шинэчлэл бүрэн хийгээгүйгээс ажиллах нормт хугацаа 14.2 хувиар хэтэрсэнтэй холбоотой байна. Мөн оройн оргил ачааллыг давахын тулд бэлтгэл тоноглолгүйгээр 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа нь системийн хэмжээний аваар саатал үүсгэж улсын хэмжээнд цахилгаан тасрах, эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх, зээлийн санхүүжилтээр хийгдсэн өргөтгөл шинэчлэлийн ажлуудын зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болох, шинэ эх үүсвэрүүд ашиглалтад ороход тэдгээрээс худалдан авсан цахилгааны төлбөрийг төлж чадахгүй болох нөхцөл үүсээд байна. БНХАУ-ын хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосноос шалтгаалан “ДЦС-3 болон ДЦС-4” ТӨХК-уудын үндсэн тоноглолын их засвар, “Чойбалсангийн дулаан цахилгаан станц”-ын 50 МВт-ын өргөтгөлийн төсөл, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн үндсэн магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлуудын тоног төхөөрөмж, материал сэлбэгийн тээвэр хилээр нэвтэрч чадахгүй байгаа нь засварын ажлыг гүйцэтгэхэд хүндрэл үүсгэж байна. Оросын холбооны улс болон Украйн улсын хооронд үүссэн нөхцөл байдлын улмаас Европын улс орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаас шалтгаалан 2022 оны 03 дугаар сараас эхлэн ОХУ-ын банкууд хоригт орж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг боломжит валютаар төлж байна. Монгол банкнаас гаргадаг ам.долларын ханш оны эхнээс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 10.5 хувиар өссөн. Үүнээс шалтгаалж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөхдөө валютын ханшийн зөрүүнээс Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 2022 оны эцэст 29.1 тэрбум төгрөг, Баруун бүсийн эрчим хүчний системд 6.3 тэрбум төгрөг буюу нийт 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгааг Эрчим хүчний сайд мэдээлэлдээ тодотгосон.
Түүнчлэн эрчим хүчний нүүрс олборлогч (Багануур, Шивээ-Овоо болон Шарын гол) уурхайнуудын үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлш, шатах тослох, тэсэлгээний материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан уурхайнууд мөнгөн урсгалын дутагдалд орж, улмаар уулын ажил зогсох нөхцөл үүсэхээр байна. Тухайлбал, ”Багануур” ХК нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд хөрөнгө оруулалтын ажилд 8.7 тэрбум, нийгмийн даатгалын өр төлбөрийг бууруулахад 6.0 тэрбум, түлшний нөөц бэлдэхэд 15.0 тэрбум , тэсрэх материалын нөөц бэлдэхэд 1.0 тэрбум, сэлбэг материалд 2.0 тэрбум төгрөг буюу нийт 32.7 тэрбум төгрөг, мөн нүүрсний үнийг нэмэгдүүлээгүй тохиолдолд 2022-2023 оны халаалтын улиралд дулааны цахилгаан станцуудад 2.5 сая тонн нүүрс нийлүүлэхэд 33.7 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн дутагдал үүсэхээр байна. “Шивээ-Овоо” ХК нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан ба дизель түлш, тэсрэх материал болон бусад сэлбэг материал, түүхий эд, ажил үйлчилгээний зардал өсч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд дизель түлшинд 12,3 тэрбум, тэсрэх хэрэгсэлд 1.6 тэрбум, тос тослох материалд 0.28 тэрбум, цалинд 4.0 тэрбум, сэлбэг материалд 7.0 тэрбум төгрөг нийт 25.2 тэрбум төгрөг шаардлагатай байна. Үүнээс дизель түлш, тэсрэх материал, тос тослох материалын зардал болох 14.2 тэрбум төгрөг шаардлагатай байна. “Шарын гол” ХК нь үнийн өсөлтөөс шалтгаалан дизель түлшний үнэ 2.5 дахин, сэлбэг материалын үнэ 60 хувь хүртэл өсч дизель түлшний 6.7 тэрбум төгрөг, сэлбэгийн 7.9 тэрбум, татварын 7.1 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байна. 2022-2023 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг хангахын тулд 1.7 сая.м3 хөрс хуулж 800 мянган тонн нүүрс нээгдэх байсан ч дизель түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил зогсоход хүрээд байна гэж байв.
Эрчим хүчний салбарын төрийн өмчит 24 компанийн хэмжээнд 2022 онд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 1264 тендер зарласнаас 192 нь амжилтгүй болсон. Тоног төхөөрөмж, бараа материал болон тээвэрлэлт, шатахууны үнийн өсөлтөөс хамаарч худалдан авах ажиллагаанд компаниуд орохгүй байгаа нь тендер амжилтгүй болох үндсэн шалтгаан болж байна. Хөрөнгө санхүүгийн боломжиндоо тааруулан өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэх байсан 52 нэр төрлийн ажлыг бүрэн хассан, одоо хийгдэж буй засварын ажлуудын эзлэхүүнийг багасгаж аюулгүйн нөөцөнд зайлшгүй байх шаардлагатай сэлбэг материалаа ашиглан хийж байна. Хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосноос шалтгаалан дулааны цахилгаан станцуудын хувьд аюулгүйн нөөцөнд зайлшгүй байх шаардлагатай (труба хоолой, насос, салхилуурын ажлын дугуй, холхивч, зуухны өрлөг дулаалга гэх мэт) сэлбэг материалаа бүрэн ашиглаж үндсэн болон туслах тоноглолуудынхаа засварыг хийж байгаа боловч энэ нь тухайн ажлыг бүрэн дуусгах боломжгүй байна гэлээ.
Цаашид авах арга хэмжээний талаар сайд мэдээлэлдээ, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай гадаад улсаас импортоор худалдан авах сэлбэг материал, тоног төхөөрөмжүүдийн тээвэрлэлтийг яаралтай зохион байгуулах ажлыг Засгийн газраас холбогдох яамдад үүрэг даалгавар өгсөний дагуу арга хэмжээг эрчимжүүлэх, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан импортоор худалдан авах цахилгаан эрчим хүчний төлбөртэй холбоотой үүсэж буй 35.2 тэрбум төгрөгийн алдагдлыг 2023 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс монгол” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-иудаас гаргах талаар тодорхой санал гаргаж шийдвэрлэх шаардлагатай гэж байлаа.
Мөн тоног төхөөрөмж, бараа материал болон тээвэр, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан цаг үеийн шинжтэй, давагдашгүй хүчин зүйл үүсэхээс урьдчилан сэргийлж, нэн шаардлагатай сэлбэг материалын нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 8.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас нэн яаралтай шийдвэрлүүлэх, Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ, томоохон зангилаа дэд станцууд бүрэн хүчин чадлаараа нөөц тоноглолгүй ажиллаж байгаа үед системийн хэмжээний томоохон гэмтэл, саатал гарч аймгийн төв суурин газруудыг бүхэлд нь эрчим хүчээр хязгаарлах, цаашлаад төвлөрсөн дулаан хангамжийн системтэй хотуудад хөлдөлт үүсч гамшгийн хэмжээний давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх эрсдэл өндөр байна. Иймд Улс орны нийгэм, эдийн засагт их хэмжээний хохиролтой цаг хугацааны хувьд нөхөж баршгүй хүндрэл бэрхшээлийг үүсгэхгүй байх, эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжүүдийг Улсын стратегийн нөөцийн жагсаалтад оруулж, бүрдүүлэх шаардлагатай байна гэж байлаа.
5 comments
Ус, цахилгаан, тээвэр гурвын үнийг нэмэхгүй бол энэ чигээрээ цааш явах боломжгүй. Хэт хямд байгаагаас ус, цахилгааныг гамгүй хэрэглэж байна дээрээс нь тоног төхөөрөмж хэт хуучирч, хөрөнгө оруулалт хийхгүйгээс эвдрэл, гэмтэл гарч ус, цахилгаангүй болох эрсдэлтэй. Тээвэр ч гэсэн ялгаагүй хэдэн ямбий хуучин автобусаа шинэчлэх, засвар үйлчилгээ, жолооч нарын цалин гээд асуудал зөндөө их байгаа.
Гаргалгаа хайгаач толгойгоо ажиллуул юмл бол үнэ нэмнэ гэх юм гаргалгаа хайж толгойгоо ажиллуулж чадахгүй бол чаддагт нь ажилаа өг
Усны төлбөр гэж сар бүр дунджаар 100 гаруй мянган төгрөг ногдохоор бичилт хийсээр 7 сар боллоо. Тоолуурын заалтаар бол 10 хүрэхгүй мянган төг, байх юм. Энэ 10-р хорооллыг хариуцсан компаныг талаар өөр ингэж хэлмэгдэж байгаа хэрэглэгч байна уу холбогдоорой
Юм л бол нэмэх шулах санаа гаргах юмдаа ард иргэдээ бодож гаргалгаа хайлдаа
Юм л бол нэмэх шулах санаа гаргах юмдаа ард иргэдээ бодож гаргалгаа хайлдаа