Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 74 төрлийн худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх захирамж батлагдсан. Энэ захирамжийн хэрэгжилт ямар байна вэ?

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, Коронавируст халдварын цар тахлын улмаас ннйгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан. Захирамж энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.

Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагаа /Худалдаа, Хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, Зочлох үйлчилгээ, Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах, Авто үйлчилгээ, Ахуйн үйлчилгээ, Нийслэлийн аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй үйлчилгээ, Нийслэлийн соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй үйлчилгээ зэрэг 8 төрөлд 74 үйлчилгээ/-г хууль, тогтоомж, стандартад нийцүүлэн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхлэхийг зөвшөөрсөн. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг 3 жилийн хугацаатайгаар хойшлуулсан.

-Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг 3 жилийн хугацаатайгаар хойшлуулсан гэлээ. Үүнийг тодруулбал?

-Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотойгоор улсын хэмжээнд “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийг хэрэгжүүлэхийг гурван жилээр хойшлуулсан. Энэ нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /үүнд зөвхөн Мэргэжлийн хяналт/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас явуулж буй хяналт шалгалтын үйл ажиллагааг зогсоосон гэсэн үг.

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд цагдаагийн байгууллагын зүгээс иргэдтэй хэрхэн ойлголцож, хамтарч ажиллаж байна вэ?

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу зохион байгуулж байсан “Хамтарсан-хяналт шалгалт”-ыг зогсоосон.

Мөн 2017 оноос хойш согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт “Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Дээрх шийдвэртэй холбогдуулж уг арга хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс зогсоолоо.

Түүнчлэн эргүүл, жижүүрт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид архи согтууруулах ундаатай холбоотой иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн дуудлага, мэдээллийг шалгана. Харин бусад тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг шалгахгүй байх чиглэлийг харьяа цагдаагийн газруудад хүргүүлэн хэрэгжилтэд хянал тавин ажиллаж байна.

Дуудлага, мэдээлэл, өргөдөл, гомдлыг шалгах явцад зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий алба хаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуулийн дагуу хариуцлага тооцож байна.

-Захирамж хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилтэд хяналт тавих үед бизнес эрхлэгчид зөрчил гаргасан уу?

-Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж байгаа хэдий ч зарим үед бизнес эрхлэгч болон гар дээрээс зөвшөөрөгдсөн худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд хууль бус үйлдэл гаргах тохиолдол бүртгэгдэж байна.

Тухайлбал, шөнийн цагаар архи, согтууруулах ундаа, тамхийг гар дээрээс худалдан борлуулах, бага насны хүүхдэд согтууруулах ундаа худалдаалах зэрэг зөрчлийг цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа илрүүллээ. Мөн нийслэл хотын хэмжээнд энэ сарын 15-ны байдлаар иргэд, олон нийтээс 2295 дуудлага, гомдол мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.

                                                                                  Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн