Булган аймгийн Сайхан сумын нутаг, Өрмийн цагаан нуурын эрэг дээр 2022 оны наймдугаар сарын 13, 14-ний өдөр “Айраг наадам 2022”-ыг зохион байгуулсан. Тус наадмын үеэр согтуу жолооч өсвөр насны дөрвөн хүүхдийг дайрч, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Наймдугаар сарын 13-ны 22.00 цагийн орчимд Prius маркийн автомашин жолоодож байсан Булган аймгийн харьяат 33 настай эрэгтэй дөрвөн хүүхэд дайрсан хэрэг гарсан. Дөрвөн хүүхдийн хоёр нь 15 настай, хоёр нь 14 настай. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Шалгалтаар бүх зүйл тодорхой болно” гэсэн юм.
Булган аймаг дахь эх сурвалжийн мэдээлснээр хүүхдүүд морьноосоо буугаад хэвтэж байх зуур согтуу жолооч автомашинтайгаа маш хурдтай ирж дээгүүр нь гарсан аж. Дөрвөн хүүхдийн гурвынх нь биеийн байдал хүнд, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт эмчлүүлж байна. Харин нэг хүүхдийн бие харьцангуй гайгүй байгаа бөгөөд тэд гурван айлын дөрвөн хүүхэд байсан аж.
Түүнчлэн, түр саатуулах 72 цагийн хугацаа өнгөрсөн тул жолоочийг батлан даалтаар гаргасан гэж мэдээлсэн юм.