Монголчууд бид эрт дээр үеэс цагаан идээ хэрэглэсээр ирсэн. Цагаан идээ хүний биед ихээхэн ач тустай. Харин энэ удаа бид Монгол бяслагийн талаар дараах мэдээллийг хүргэе.
Бяслагийг дээд боловсролтой ээдэм гэж нэрлэдэг нь учиртай.
Сүүнхүчлийн, пропионхүчлийн бактери, дрожж зэрэг бичил биетний үйлчлэлээр бяслагт төрөл бүрийн биологийн идэвхт бодис /аминхүчил, аминдэм гэх мэт/ нийлэгжинэ. Бяслагийн бичил биетнүүд сүүний уураг, тос, нүүрс усыг задлаж, хүний бие махбодод шингэхэд хялбар энгийн нэгдэлд хувиргана.
Бяслаг нь үл орлох аминхүчил, кальци, фосфорын найдвартай эх үүсвэр юм.
Бяслагийг өнө эртнээс сувиллын зориулалтаар түгээмэл ашиглаж иржээ. Гиппократын тэмдэглэлд бяслагийн үнэт чанарыг дурьдсан байдаг бөгөөд тухайн үед Олимпийн тэмцээнд оролцох хүмүүсийн хүч тамирыг нэмэгдүүлэх зорилгоор бяслагийг ихээр идүүлдэг байжээ.
Одоо цагт бяслагийг ээдмийн нэг адил чихрийн шижин, элэг, ясны үрэвсэл, цус багадах, цөсний өвчний үед түгээмэл хэрэглэж байна. Түүнчлэн цагаан хоолтон хүмүүсийн уургийн нэг эх үүсвэр нь бяслаг болдог.
Судлаачид бяслагийг хатуу төлөвтэй пробиотик бүтээгдэхүүн гэж үздэг. Пробиотик гэдэг нь ашигтай бичил биетний өсгөврөөр сүүг хөрөнгөлж бэлдсэн эсэг цагаан идээ юм. Бяслаг нь үнэхээр хүний бие махбодод эерэг нөлөөтэй олон төрөл, омгийн бичил биетнийг агуулдаг учир хүнс тэжээлийн төдийгүй сувиллын ач холбогдолтой. Ялангуяа монгол бяслаг.