“Ченнай-2022” Дэлхийн шатрын 44-р олимпиадад оролцож буй Монгол Улсын хоёр баг VI өрөгт тус бүр ялалт байгуулж, байраа ахиуллаа.
Эрэгтэй баг өчигдөр Марокко улсын багтай тоглож, “4:0” харьцаатай хожсон. Нэгдүгээр ширээнд их мастер Д.Батсүрэн, хоёрдугаар ширээнд олон улсын шатрын холбооны мастер Г.Амартүвшин, гуравдугаар ширээнд их мастер Б.Гүндаваа, дөрөвдүгээр ширээнд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ нар тоглосон юм. Ийнхүү Монголын эрэгтэй баг VI өргийн дараах байдлаар гурван хожил, хоёр тэнцээ, нэг хожигдол – нийт 8 оноотой болж, 188 багаас 38-д бичигдэж эхлээд байна.
Харин манай эмэгтэй баг VI өрөгт Норвегийн хүчтэй багийг “2.5:1.5” харьцаатай мөн хожлоо. Хэдий нэгдүгээр ширээнд олон улсын мастер Б.Баярмаа хараас тоглож хожигдсон ч, хоёрдугаар ширээнд их мастер А.Энхтуул тэнцэж, гурав болон дөрөвдүгээр ширээнд тоглосон олон улсын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул, олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул нар өрсөлдөгчөө буулган авч, багаа хожилд хөтөлсөн юм. Монголын эмэгтэй шатарчид VI өргийн дараах байдлаар дөрвөн хожил, нэг тэнцээ, нэг ялагдаж – нийт 9 оноотой болсноор 162 багаас 16-д бичигдэж эхэллээ.