Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны зарим иргэд дуучин М.Нарантуяа ( НАРА )-г тосгоноосоо хөөж, “Ялаануудаа аваад манай нутгаас яв” гэж хашхиралдсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан. Үүссэн асуудалтай холбоотойгоор зөгийн аж ахуй эрхлэгч М.Нарантуяа байр сууриа илэрхийлснийг хүргэе.
– Таныг Түнхэлийн иргэд тосгоноосоо хөөх хөдөлгөөн өрнүүлж жагсаал хийж байна гэх юм. Ингэх шалтгаан нь юу байв?
-Монголчууд эрт үеэс хажууд айл ирэхэд цай бариад тосдог, гэр орноо барьж төвхнөхөд нь ч тусалж ирсэн уламжлал бий. Өнөө цагт харин орхигджээ. Энд асуудал үүсгээд байгаа хүмүүс бол миний байшингийн ойр орчимд газар авсан хүмүүс. Зарим нь хашаа байшин ч барьсан. Гэхдээ тэдэнд гэрчилгээ, зөвшөөрөл байхгүй. Эд нар ч зөвшөөрөлгүй газар буугаад хөөгдөж туугдаад л явж байсныг нь мэдэх юм. Миний тухайд хэзээнээсээ л хүнийг зэрэг зиндаа, бэл бэлчингээр нь ялгаж харьцдаггүй зан минь өнөөдөр гай болж байна. Энд хашхираад байгаа хүмүүстэй гэмгүй л нөхөрлөж, хэн хэндээ тус дэмтэй явж ирсэн юм. Намайг энд ирснээс хойш олон хүн Түнхэлийг мэддэг болсон. Аялал жуулчлалын бүс нутаг ч болсон байх. Вагоноор аялж ирсэн хүмүүс эндхийн зах зээлийг тэлж өгч байгаа шүү дээ. Харин надад ийм хариу барьж байна.
-Таны тухайд “Шонхор” зуслангийн газарт хувийн байшин барьсан асуудал дагуулаад байгаа юм биш үү?
-Дарга, цэргүүд бүгд л энд байшин барьж байна шүү дээ. Аж ахуй эрхэлж байгаа эмэгтэй алга дарам газарт байшин барихад юу нь болохгүй байна вэ гэв.
Түнхэл тосгон ы Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ: Бусдын эзэмшлийн газарт байшингийн суурь цутгасан М.Нарантуяад сануулах хуудас хүргүүлсэн Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнээс тодруулга авлаа.
-Түнхэл тосгонд аж ахуй эрхэлдэг дуучин М.Нарантуяа (Нара)-г нутгийнхан хөөсөн байх юм. Шалтгаан нь юу байв?
-М. Наран туяа Батлан хамгаалах яамны “Шонхор” зусланд зөгийн аж ахуй эрхэлдэг юм. Тэнд хувийн байшин барихаар сууриа цутгаад эхэлсэн. “Шонхор” зуслангийн газарт тэр шүү. Манай зүгээс газраа өөрийн нэр дээр шилжүүлээгүй байж байшин бариад эхлэхэд нь сануулах хуудас өгсөн.
-Тулгар биетэй эмэгтэй рүү нутгийн иргэд бөөнөөрөө дайрч давшиж байгаа үйлдэл нийгэмд шүүмжлэл дагуулаад байна.
-Тийм асуудал болоогүй шүү. Ингэж дэвэргэх хэрэггүй байх. Ойр орчимд амьдардаг хэдэн хүнтэй маргаан үүсгэсэн байх. Энэ газар нутгаас хүн хөөж туух эрх хэнд ч байхгүй. Хөөгөө ч үгүй. Нарантуяагийн тухайд үйлдвэрлэл эрхэлдэг хүн. Үйлдвэрлэл эрхлэгчдийг хөөж туух биш, харин ч дэмжинэ. Харин бусдын эзэмшлийн газарт хувийн байшин барихыг завдсан асуудалд хуулийн хүрээнд ажиллаж, сануулах хуудас л хүргүүлсэн. Хүмүүсийн яриад байгаа шиг хөөж туугаад, янз бүр болсон асуудал байхгүй” гэв.
Эх сурвалж: Өдрийн сонин