Улаанбаатар хот тэртээх 1964 онд Цэвэрлэх байгууламжтай болжээ. Ашиглалтад орсноос хойш 1969-1986 онуудад өргөтгөл хийгдэж хоногт ахуйн хэрэглээнээс гарсан 170 мянган куб метр бохир усыг хүлээн авч, механик, биологийн цэвэрлэгээг хийх хүчин чадалтай болсон.
Гэтэл өнөөгийн байдлаар 180-220 мянган куб метр ахуйн болон үйлдвэрийн хаягдал бохир усыг хоногт хүлээн авч, механик биологийн цэвэрлэгээг хийж, халдваргүйжүүлж байна.
Энэ нь хүчин чадлаасаа даруй 10-50 мянган куб метрээр давсан үзүүлэлт төдийгүй үйлдвэр, аж ахуй нэгж, орон сууцны болон зөөврөөр бохир ус тээвэрлэн нийлүүлж буй усны бохирдол стандарт хэмжээнээс хэтэрсэн байдаг ажээ. Ариутгах татуургын шугамд хаягдал ус нийлүүлэх ерөнхий шаардлага буюу MNS6561:2015 стандарт гэж бий. Тэрхүү стандартыг огт хангахгүй бохир усыг төвийн шугамд нийлүүлэх болсныг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Цэвэрлэх байгууламжид ирж буй бохир усны бохирдлын хэмжээ нь хүчин чадлаас 2-5 дахин их байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь цэвэрлэх байгууламжид бохирдлын ачаалал үүсгэж механик, биологийн цэвэрлэгээний технологийн дамжлага бүр дээр хүндрэл үүсгэдэг байна.
Цэвэрлэх байгууламжид усанд уусахгүй механик хог хаягдал буюу үйлдвэр аж ахуйн газрын хаягдал үс, ноос, хялгас, нефтийн гаралтай бүтээгдэхүүн, мал нядалгааны газрын хаягдал малын сэвс, цус, дайвар, айл өрхүүдээс ариун цэврийн цаас, амны хаалт, хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, гялгар уут, бэлгэвч гэх мэт 1500-2000 кг хог хаягдал өдөр тутам урсан очдог ажээ. Цэвэрлэх байгууламжийг доголдуулж буй хатуу хог хаягдлын ой гутам зургийг оруулж байгаадаа та бүхнээс хүлцэл өчье. Гэхдээ таны, миний, та бидний санамсаргүй, хайхрамжгүйгээр хаяж орхисон энэ бүх хаягдлыг Цэвэрлэх байгууламжид ажиллагсад улаан гараараа нэг бүрчлэн түүж цэвэрлэдэг. “Гялгар уут, бэлгэвч зэрэг, резин зэрэг сунамтгай материалуудыг цэвэрлэхэд асар бэрхшээлтэй, нүд, нүүр бохир үсрээд байдаг шүү” гэж хэлсэн ажиллагсдын үгийг мөн дуулгая.
Цэвэрлэх байгууламжийн тунгаагуурын оператороор 20 гаруй жил ажиллаж буй “Миний үндсэн үүрэг бол анхдагч тунгаагуурын механик цэвэрлэгээ хийх. Ингэж ажиллахад хүндрэл маш их. Өөх тос тунгааж шүүх байтал хатуу хог хаягдал маш их ирдэг. Ундаа, усны сав, гялгар уут, хүүхдийн живх, тоглоомын үлдэгдэл, амны хаалт, гэх мэт усанд уусдаггүй хатуу хаягдлууд их ирж байна. Жил ирэх бүрд л энэ мэт хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь харамсалтай. Уг нь бол хүмүүс дээрх хог хаягдлуудыг суултуур руугаа хийхгүй байхад л болох зүйл. Хатуу хог хаягдал ирснээс болж 24 цагийн ажиллагаатай тунгаагуур доголдох нь элбэг. Суултуур бол хогийн сав биш шүү” хэмээн олон нийтэд зориулан хэлж байна.
Хатуу хог хаягдлууд Цэвэрлэх байгууламжийн хоёр дамжлагат сараалжин байгууламжид торж тогтож үлдэх учиртай. Гэтэл их хэмжээний хог очдогоос болж сараалжинд тогтож үлдэх бус лаг тунгаах тунгаагуурт ордог байна. Ингэснээр тунгаагуурын ёроолд нь лагтай хамт тунаж, тунгаагуурын лаг зайлуулах шугам сүлжээ, тунгаагуураас дараагийн байгууламж руу шахах насос, хаалт арматурт тээглэн хэвийн ажиллагааг алдагдуулах болжээ. Нормоороо бол лагийн тунгаагуурыг хоёр жилд нэг удаа цэвэрлэх учиртай. Гэтэл хатуу хог хаягдлын агууламж асар өндөр байгаагаас тунгаагуурыг жилдээ 2-3 удаа бүтэн юүлж суллан, ажиллагсад гараараа цэвэрлэгээ хийдэг байх жишээтэй.
Мөн улс, нийслэлийн хөрөнгөөр хийгдэж буй ариутгах татуургын шугам сүлжээнүүд нь чанаргүй хийгдэж байгаагаас шалтгаалан төв шугамд хөрсний ус нэвчих, түүнчлэн хурын ус зайлуулах суваг, шугам сүлжээний шийдэл дутмаг байгаагаас хур борооны ус төв шугам руу орсноор цэвэрлэх байгууламжийн ачааллыг 15-20 хувиар нэмэгдүүлж байгааг ч мөн үгүйсгэхгүй байна.
Улаанбаатар хотын Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 2017 онд эхэлж, барилгын ажил нь үргэлжилж байна. Салбарын яам “Барилгын ажил 42 хувьтай үргэлжилж байгаа. 2025 оноос ашиглалтад орох Цэвэрлэх байгууламжийн төслийн хүрээнд 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдаж байгаа” гэсэн тайлбар өгч байна.