Энэ сарын 2-нд “Пума Империал” зочид буудлын олон давхар барилгаас цахилгаан шат унаж хүмүүс хүнд, хөнгөн бэртсэн гэх мэдээгээр өөр нэг асуудал ил болжээ.
Засгийн газрын ордны зүүн талд “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”-ийн байрны өргөтгөл гэх 17 давхар барилга баригдаад хэдэн жилийг элээж, энэ онд ашиглалтад орсон байдаг. Уг барилга баригдаж байх үед ХИС овоо шүү, сургалтын орчноо ингэж анхаарч, хөрөнгө хаяж байгаа их сургууль Монголд ховор байна даа гэх бодол олон хүнд төрсөн нь лавтай. Гэтэл, цахилгаан шат унаж хүмүүс бэртсэн тухай үйл явдалтай зэрэгцэн уг 17 давхар шинэ барилгыг “Пума Империал” гэх хувийн эзэмшлийн зочид буудал гэж мэдээлж эхэллээ. Энэ талаар “Зууны мэдээ” сонинд дараах мэдээллийг нийтэлсэн байна.
Анх уг барилгыг барихдаа ХИС-ийн долоон давхар хичээлийн байрны өргөтгөл гэж зөвшөөрөл авсан ажээ. Гэтэл барилгын ажил дуусч ашиглалтад орж, тууз хайчлах үед хичээлийн байрны өргөтгөл биш “Пума” зочид буудлын байр болж “хувирсан” байна. “Зууны мэдээ” сонины сурвалжлагч “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржаваас энэ тухай мэдээллийг лавлан авчээ. А.Мягмаржав ярилцлага өгөхдөө “Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл гэдэг нэртэй барилга анх 1-7 давхар байхаар зураг шийдэл нь гарсан ч сүүлдээ олон давхартай болчихсон. Анх зураг гаргасан зохиогчийн шийдлийг өөрчлөөд цонхны дээд, доод хучилтад төмөр гагнаад, тоосгоор өрөөд баахан юм хийчихсэн байгаа юм” гэж хэлсэн байна.
Иймээс дээрх барилгын асуудалд ХИС-ийн удирдлагууд холбоотой болж таарч байна. Тэд арай их сургуулийнхаа хичээлийн байрыг шинэ зочид буудал болгочихсон юм биш байгаа? Үнэхээр хачин хэрэг шүү.
Аагий
Эх сурвалж Gashuun.mn