Хүний тавилан зарим талаар шоглоомтой л юм. Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын бага хүү монголчуудад баахан баалуулахыг харав. Монголчууд ч гэж Ю.Цэдэнбалаас хойш 23 жилийн дараа удирдаж байсан намынх нь дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын албанд суусан С.Баяр, 1998-1999 онд Сангийн сайд байсан, нийтлэлч Баабар нар Цэдэнбалын Зоригийг хэд хоногийн турш олон нийтийн сүлжээгээр нүдлээ.
Ц.Зориг Монгол Улсаас байн байн байр авдаг гэсэн шүү юм ярьж байх юм. Бас Ю.Цэдэнбал амьд ахуйдаа хөрөнгө зоорио татаад авчихсан ч гэв үү. Тэр ч байтугай Ю.Цэдэнбал КГБ-ын хүн шүү гэсэн утгатай зүйлүүдийг дуу дуугаа авалцан олон нийтийн сүлжээнд бичжээ.
Яг үнэндээ С.Баяр, Баабар хоёрыг ойлгосонгүй. Яахав, сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээнд “амьдрах” болсон энэ хоёр эрхэм сүүлийн үест Орос Украины асуудлаар идэвхтэй “жиргээд” байдаг болсныг мэдэх юм. Харин Цэдэнбалын Зоригийг түүнийхээ үргэлжлэл болгоод үзчихэв үү гэмээр бичиж буй харагдав. Мэдээж хэрэг тэдний ярьж, бичсэн Ц.Зоригт удаа дараа орон сууц өгсөн, Ю.Цэдэнбалын гэр бүлийнхэн 1988 оны есдүгээр сард ирж хөрөнгөө ачаад явсан, Ю.Цэдэнбал НКВД-ийн мэдээлэгч, хүндэт чекист байсан гэдгийг бид мэдэхгүй. Тэд мэддэг аж.
Ер нь бол Ю.Цэдэнбал гэдэг хүн 1940 оноос хойш 44 жилийн туршид Монголын төрийг удирдаж ирсэн байдаг. Их хүмүүнд алдаа, оноо аль аль нь байж л таарна. Ямартай ч тэр хүний алдаа, оноонд өнөөгийн Монгол бий болсон байдаг. Их энгийнээр хэлэхэд, энэ хоёр эрхмийн зүй ёсоор багтдаг 1990-ээд оноос хойшх улстөрчдийн тараасан улс орныг авчирсан хүн нь Ю.Цэдэнбал гэхэд хилсдэхгүй. Товчхондоо, өчигдрийн Ю.Цэдэнбалыг шүүх эрх нь өнөөгийн эдгээр эрхэмд байгаа юм уу. “…Өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” гэдэг айхтар үгийг энэ ах нар уншсан л байх. Шуудхан хэлэхэд, хэн ч энэ “сэдэв” дээр жижигдэнэ.
Жижигдэнэ гэдгээ С.Баяр саяхан л мэддэг байсан. Ердөө хэдхэн жилийн өмнө Англид Элчингээр томилогдчихоод хэсэг хугацаанд хэдэн дурсамжаа нийтийн хэвлэлд хэвлүүлж байв. Нэг нь “…Тэр жилийн цэргийн баяр” гэдэг дурсамж байдаг. Түүнд нэг фото тавиад “…Монголын Ардын армийн Улс төрийн газрын дарга, генерал Д.Ёндондүйчир, Улсыг батлан хамгаалах зөвлөлийн дарга, маршал Ю.Цэдэнбал нарын хамт байгаа “алдагдсан” зургийг “Өнөөдөр” сонины архиваас бид оллоо” гэсэн тайлбар зүүсэн байдаг юм.
Гол нь тэр дурсамждаа “…1981 оны гуравдугаар сарын 17-нд Ардын армийн 60 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болов. Маршал Ю.Цэдэнбал тэргүүтэй Улс төрийн товчоо, нам, засгийн удирдлага, ЗХУ-ын хүндэт зочид хүрэлцэн ирсэн байлаа. Үзэсгэлэнг Авхиа сайд нээн үг хэлж, түүнийг нь би чанга яригчаар орос хэл рүү орчуулж ярих үүрэгтэй.
Хэлэх үгийг нь би орчуулсан учраас торох юмгүй дуржигнуулав. Үзэсгэлэн нээгдэж, дарга нар дотогш орох гэтэл урд нь явсан маршал Ю.Цэдэнбал гэнэт эргэж харснаа над руу дохих шиг боллоо. Би нүдэндээ итгэсэнгүй, яахаа мэдэхгүй хөшчихөв. Гэтэл “Чамайг дарга дуудаад байна, очооч” гэж хэн нэгэн хажуунаас евров. Дөхөөд очтол “Авхиагийн үгийг хэн орчуулсан бэ” гэж маршал асууж байна. Дотор пал хийгээд л, юу нь буруу болчихсон юм бол гэх бодол зурсхийн орж ирэв. Үүдэнд овоорсон хүмүүс даргыг дагаад зогсчихов. “Би орчуулсан” гэлээ. Тэгтэл Цэдэнбал дарга “Тэр дружба, спаянная… гэсэн чинь зөв. Найрамдал маань гагнагдсан юм. Паять гэх орос үг манай гагнах гэдэгтэй утга яг таарна. Сайн байна, дэслэгч ээ. Чамд баяр хүргэе, зөв орчуулж” гээд гараа сунгаж байна. Сунгасан гарт нь хүрэхдээ би сандарч “Баярлалаа” гэж хэлж орхив” гэж бичиж байжээ.
Харин саяхан С.Баярын онож бичсэнчлэн Ц.Зориг “…Аавынхаа нэрэнд дулдуйдан” Монголд иржээ. “…Дулдуйдах гэдэг нь түшиг тулгуур болгохыг хэлнэ” гэж С.Баяр тайлж хэлсэн байна. Тэр үнэн л дээ. Ц.Зориг аавынхаа нэрэнд дулдуйдаж ирсэн юм байна. Ирэх ч ёстой байх.
Ц.Зориг нэг бус удаа Монголын төрөөс байр авсан гэнэ. Аваг л дээ. Өг л дөө. Тэртэй тэргүй төрийн нэрээр нэгээр нь хэдэн арваар нь тарааж л байдаг байр шүү дээ. Тийм орон сууцнаас дарга нар илүү туудаг шүү. Хэдэн байртайгаа мэдэхээ больчихсон төрийн өмчийн компанийн захирлуудын сураг ч олон дуулддаг. Ингэхэд С.Баярын Америкт ч бил үү, Англид ч бил үү байдаг долоон хаусны асуудал юу болж дууссан бэ.
Насаараа төрд алба хашсан, ганц ч удаа бизнес хийж үзээгүй даргад арай олдсон хаусны дуулиан хэдэн жил шуугиулаад нам дарагдчихаад байгаа даа. Ер нь бол С.Баярын гадаад дахь долоон хаус, Цэдэнбалын Зоригийн Монголын төрөөс авсан ганц нэг сууц хоёрын хооронд том ялгаа бий л дээ.
Тэрнээс гадна төрийн хуулиар олгодог тэтгэврийг зарим хүн нуугаад ч бил үү, завсардуулаад ч бил үү хэдэн жил хүртчихсэн маргаан хүртэл нийтийн хүртээл болж л байдаг. Ийм л төрийн хөрөнгө шүү дээ. Бас тэр НКВД-ийн мэдээлэгч, хүндэт чекист байсан гээд байгаа юм. Тийм байсан ч жирийн бид мэдэхгүй л дээ. Мэдээд байгаа хүмүүс харин сэжигтэй байж мэднэ. Ийм мэдээллийг тодорхой хүрээнд буюу тэрхүү НКВД-ийн “хашааныхан” л мэдэх боломжтой. Гэцгээж л байна, цаагуур чинь.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин