Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл аймгийн Ханх сум, Хатгал тосгоны нутаг дэвсгэр дэх Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу 6 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд дотоодын 94,355 аялагч, гадаадын 8,000 жуулчин, нийт 102,355 иргэн, 18,871 автомашинаар нэвтэрсэн байна.
Одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалттай газарт дотоодын иргэн 300 төгрөгөөр, гадаадын жуулчин 3000 төгрөгийн хураамж төлж орох зохицуулалттай байна.
7 дугаар сараас эхлэн эхний ээлжид Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу нэвтрэх хураамжийг QR код ашиглан төлөх боломжийг бүрдүүлсэн ба 7 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд нийт 2,561 хүн 768,301 төгрөгийг цахимаар төлөөд байна.
Нэвтрэх хураамжийг цахимаар төлөх боломжтой болсноор хураамжийн тасалбар хэвлэлтэд ашиглах цаасны хэрэглээг эрс бууруулах, хүний оролцоотой хураамж авах, тасалбар хэвлүүлэх, хүргэхтэй холбоотой зардал хэмнэх болон байгаль орчинд хог хаягдал үүсэхээс сэргийлэх олон талын давуу талтай.
Эх сурвалж: БОАЖЯ