Шагайн харваа нь Монголын ард түмний үндэсний уламжлалт спортын нэгэн төрөл бөгөөд харваачдад болон залуу үеийнхэнд бие бялдар, гоо сайхны хүмүүжил олгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн хатуужлыг бэхжүүлэх, хамт олонч байх, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт ёс, жаягийг өвлүүлэх үндсэн зорилготой.
Шагайн харваа нь шагайн харвааны тэмцээн, шагайн тойром гэсэн үндсэн 2 хэлбэртэй. Тэмцээн нь дотроо багийн цуваа, хүн нэг бүрийн гэж 2 ангилагдах ба 1 багт 6 үндсэн харваач, хоёроос дээшгүй тооны орлон тоглогчтой байна. Харваач нэг жилд нэг багт л харвах бөгөөд өөр багаас сэлбэхгүй зөвхөн багаараа тэмцээнд оролцох дүрэмтэй.
Сум тавих ээлжийг үе гэнэ. Эхний үеийг “нийллэг үе”, дараагийн үеийг “шувтарга үе”, сүүлчийн үеийг “мэргэ үе” гэж нэрлэх ба баг өөрсдөө үеэ зохион байгуулдаг.
Багийн харваа
Тэмцээнийг хоёр өрөг харвах бөгөөд хоёр баг өөр, өөрийн модон дээр тус бүр нэг өрөг харвана. Эхний өргийг сугалаагаар эсрэг багийн модон дээр тоглох бөгөөд модны эзэн баг нь задгай талаас эхний сумыг тавьдаг. Түүнчлэн баг бүр арван таван хасаатай байх ба хоёр талаас бүх хасааг өрж, 7 сумаар нийлнэ. Хасааг домбо хооронд 5 мм-ийн зайтай, зурхайн хэцийн ар ирмэгээс 1 мм-ийн зайтай тэгш өрж, хасааг жишүү болгох, тулгаж шахах, голын цэгээс холдуулж татах зэрэг үйлдэл гаргахгүйгээр өрөх ёстой.
Нэг бүрийн цуваа
Харваач нэг бүрийн цувааг явуулахдаа 20 сум тавьж, эхний 12 сумыг 8 хасаанд, дараагийн 4 сумыг товхонд, сүүлчийн 4 сумыг 2 хасаанд тус тус тавина. Байтсан тохиолдолд оноонд тооцохгүй.