Үйлийн үр гэж юу вэ? XIV Далай лам “Үйлийн үр гэдэг бол ирээдүйн үйл явдлууд таны гарт байгааг илэрхийлэх идэвхтэй хүч” гэж тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл энэ амьдралд юм бүхэн учир шалтгаантай агаад энэхүү учир шалтгааныг хүн өөрөө бий болгож, хийсэн үйлдлийнхээ сайн, муу үр дагаврыг амсахыг л үйлийн үр гэнэ. Тиймээс хүн амьдралынхаа түүхийг өөрөө л бичихээс бус зурагдсан заяа төөрөг гэж байдаггүй ажээ. Хэн сайн үйл бүтээнэ тийм л үр жимс хүртэж, хэн муу үйл хийнэ түүнтэй адил хор хөнөөл амсана. Тэгвэл амьдралын эгэл энэ үнэнийг гурван залуугийн түүхээр маш сонирхолтойгоор харуулсан “Үйлийн үрийн дэн буудал” хэмээх сэтгэл зүйн аймшгийн кино 7 дугаар сарын 1-нээс бүх кино театруудаар гарч, үзэгчдэдээ хүрч байна.
Өөр газар, өөр цагт, гурван өөр залуу, гурван өөр хэрэг үйлдсэн ч тэдний хэн нь ч шийтгэл амсдаггүй. Хожим тэдгээр залуус бороо орж, үер буун зам хаагдсаны улмаас хотоос зайдуу нэгэн дэн буудалд санаандгүй учирцгаана. Харин тэр дэн буудалд буусан хүмүүс өөрийн хийсэн үйлийн үртэйгээ учирдгийг тэдний хэн нь ч тааварлахгүй.
Өмнө нь учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарч байсан тэрхүү “Үйлийн үрийн дэн буудал”-д тэдэнд юу тохиолдохыг, шар үс босом, санаанд оромгүй адал явдал, аймшигт сүлжилдээнийг 80 минут үргэлжлэх энэ киноноос үзээрэй. Нэрнээсээ эхлээд сонирхолтой “Мафи фильм” студийн бүтээл “Үйлийн үрийн дэн буудал” УСК-ны Ерөнхий найруулагчаар Б.Тулга-Очир, Ерөнхий продюсероор С.Баттүшиг, Ерөнхий зураглаачаар М.Энхтүвшин ажиллаж, гол дүрд жүжигчин Э.Мөнхбат, Б.Батхүслэн, Б.Баттогтох нар тогложээ. Киноны хөгжмийг “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан (Амгаа) бичсэн байна.