УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.29/ хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн цолны маргаантай асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн нэг зарчим, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлан холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээд шийдвэрлэж болно хэмээн тусгажээ. Мөн Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан тэгш ой нь тохиож буй аймгийн баяр наадам болон үндэсний хурдан морины бүсийн уралдааныг тэмдэглэх өдрийг Засгийн газар тогтоож болно, Малын генетик нөөцийн тухай хуульд заасны дагуу монгол адууны үүлдрийн удмын санг хамгаалах цогц арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлнэ хэмээн зохицуулжээ.
Түүнчлэн 512 бөх барилдсан улсын баяр наадамд түрүүлсэн арслан ба түүнээс дээш цолтой бөхөд дараагийн эрэмбийн цолыг олгохоор тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 512 бөх барилдсан улсын баяр наадамд түрүүлсэн арслан ба түүнээс дээш цолтой бөхөд дараагийн эрэмбийн цолыг олгохоор тусгасан заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.