Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулсан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурал 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хилийн боомтын асуудлаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоол баталсан. Уг тогтоолоор баталсан хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг ирүүлснийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж, санал илэрхийлээгүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахыг дэмжив.