Жимсийг түүхийгээр нь импортлон, хор шахдаг гэсэн мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ сарын 8-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар
БГД-ийн зургаадугаар хороонд байрлах “Алтан халбага” ХХК-ийн түр агуулах,
СХД-ийн 32 дугаар хороонд байрлах үндсэн агуулахад байсан хоёр сортын алим, 7 нэрийн хатаасан жимс, “Цэнхэр жимс” ХХК-ийн БГД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах агуулахад байсан 10 нэрийн жимснээс тус тус дээж авч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторид ургамлын хорио цээртэй хортон, пестицид, нитрат, токсин, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох, эмгэг төрөгч нян илрүүлэх шинжилгээг хийлгүүлсэн.
Лабораторийн шинжилгээгээр эдгээр дээжнээс хорио цээртэй хортон шавж, салмонелла, афлатоксин В1В2, нитрат, эмгэг төрөгч нян илрээгүй, хүнд металлын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа нь ургамлын хорио цээр, хими, нян судлалын аюулгүйн үзүүлэлтээр стандарт, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангаж байна.
Баримт бичгийн хяналтаар “Алтан халбага” ХХК нь Бельги, Өмнөд Африк, Шинэ Зеланд, Итали, Польш, Чили, Тайланд, ОХУ-аас 30 гаруй нэр төрлийн шинэ жимс, хатаасан жимсийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор, “Цэнхэр жимс” ХХК нь БНХАУ-аас 51 нэрийн жимс, ногоо, ОХУ-аас 22 нэрийн шинэ жимс, хатаасан жимсийг импортлохоор тус тус Гаалийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авч, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор хорио цээрийн хяналтад хамруулан импортолсон байна.
Агуулахад хийсэн хяналт шалгалтаар цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, дотоод хяналт шалгалт сул байгаа зөрчилд хугацаатай албан шаардлага хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.