УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.06.27/ намын удирдлагуудтай хамтран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг сонслоо.
Мэдээллийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа танилцуулав. УИХ өнгөрсөн долоо хоногт завсарлаж, гишүүд тойрог тойрогтоо ажиллан, энэ сэдвээр иргэдтэй уулзсан бөгөөд уулзалтын явцыг харахад иргэд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах тухай мэдээлэл тун багатай байгаа нь харагдсан байна. Тиймээс иргэддээ маш сайн ойлголт өгч байж, ҮХНӨ-ийг хэлэлцэх шаардлагатайг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа онцоллоо.
Үндсэн хуульд
Хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах,
Парламентын чадавх, засаглалыг сайжруулах,
Хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах,
Төрийн сүлд өөрчлөх гэсэн дөрвөн чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар гишүүд ярьж, иргэдийн саналыг сонсох удирдамжтай явжээ.
С.Одонтуяа гишүүний хувьд, иргэдтэй хийсэн уулзалт дээр цаазын ялыг халах асуудал ихээхэн маргаантай байсан гэв. Нэг хэсэг нь Үндсэн хуульд цаазын ялыг халах тухай хатуу заалт оруулах шаардлагагүй,одоогийн жишгээрээ явах ёстой гэж үзсэн бол нөгөө хэсэг нь цаазын ял байх ёстой гэжээ. Түүнчлэн төрийн сүлд өөрчлөх чухал бус, төрийн бодлогоо зөв болгож улс орны хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нь хамгийн чухал байгааг онцлон дайжээ.
Сонгуулийн тогтолцооны хувьд мажоритар тогтолцоог халахад санал нэгдэж, гол нь парламентын чадавхи хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна. Төрийн эрхийг нам барьж байгаа учраас намууд хариуцлагатай институт болж төлөвших нь чухал байгааг уулзалтанд оролцсон иргэд хэлжээ. Харин хүн амын дунд хэт төвлөрөл явагдсан энэ үед хил орчмын сумдыг нэгтгэж болохгүй, газар нутаг эзгүйднэ, харин төв сууринтай ойрхон жижиг сумдыг нэгтгэж болох юм гэсэн байр суурийг иргэд илэрхийлсэн байна.