Бусдаас их хэмжээний мөнгө, гадаад валют удаа дараагийн үйлдлээр залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад оргон зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.
Тухайн этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдээлэл хүргүүлэх боломжтой. Үнэн бодит мэдээлэл өгсөн иргэнийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14-р зүйл, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу 20 сая төгрөгөөр урамшуулна.
Эргэн сануулахад, 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр 41 настай Э хуурамч бичиг баримтаар банкаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан билээ. Тухайн этгээд уг залилангийн хэргийг 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоож мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв