“Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд автомашин нэг бүрийг хамруулж, төлбөр авч байна” гэх гомдол, мэдээлэл иргэдээс ирсний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тандалт шалгалт хийлээ.
Нийслэл хот руу орж ирж буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг ариутгалд хамруулж, 1000 төгрөгийн төлбөр авч байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй тул Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хамруулах, тогтоосон нормативын дагуу төлбөр хураамжийг тогтоох, төлбөрт хурааж буй мөнгөн орлогод тавьж буй хяналтыг сайжруулах талаар Улсын ерөнхий байцаагчийн зөвлөмж хүргүүллээ.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны А/113 дугаар тушаалд “Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг батлагдсан зааврын дагуу халдваргүйтгэлд бүрэн хамруулж ажиллана” гэж заасан. Гэтэл нийслэл хот руу орж ирж буй авто зам дагуу байрлах мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн цэгт тээврийн хэрэгсэл бүрийг урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд хамруулж дээрх тушаалыг зөрчиж байна.
Мөн Сангийн болон Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2021 оны 118, А-201 дугаар “Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив батлах тухай” тушаалаар батлагдсан нормативын 1.4.1-т “Урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл, машин техник шүрших 1м.кв 150 төгрөг байна” гэж заасан байдаг. Батлагдсан нормативын дагуу урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэлд хамрагдсан автомашины эзэмшигчээс авах төлбөр хураамж харилцан адилгүй байх юм гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
1 comment
Багахангай гэж балай газар хэдэн жил л ариутгасан нэр зүүж мөнгө гударлаа жилийн жилд л гудраад сурчихсан