Тамхидалт нь хүн төрөлхтний ноцтой асуудлын нэг хэвээр байна. Шинжээчдийн баталснаар, өнөөдөр дэлхий дээр 1,3 тэрбум тамхичин байдаг бөгөөд тэд бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг өдөр бүр эрсдэлд оруулж, байгаль орчныг бохирдуулдаг аж.
Иллинойсын их сургуулийн эрдэмтдийн гаргасан статистикаар, тамхи татдаг эрчүүдийн тоо татдаг эмэгтэйчүүдийнхээ 5 дахин их байна. Тэд хамтдаа нийлээд жилд 5 их наяд ширхэг тамхи татаж, тамхины зах зээлийн 80%-ийг хянадаг 5 компанид асар их хэмжээний орлого оруулдаг гэнэ.
Тамхидалт бол цар тахлаас ч илүү аюултай. 2019 онд энэхүү хорт зуршлаас болоод 8,7 сая тамхичин нас барсан бол дам тамхидалтын улмаас 1 сая орчим хүн өөд болжээ. Гэтэл цар тахал эхэлснээс хойш COVID-19-ийн халдвараар албан ёсоор 6,3 сая хүн нас барсан байдаг.
Хамгийн их тамхи татдаг иргэдтэй орнуудын тоонд Белорус, Болгар, Умард Македон орж байна. Эдгээр улсад нэг хүн жилд дунджаар 2500 орчим тамхи татдаг. Орос, Хятадад арай бага буюу нэг жилд жилд 1900 тамхи татдаг байна. АНУ-д ЛГБТ-д хамаардаг хүмүүсийн дунд тамхидалт хамгийн түгээмэл байдаг нь сонирхолтой баримт болдог аж.
Дэлхий дээр тамхи татдаг хүмүүсийн хувь хэмжээ аажмаар багасаж байгаа ч хөгжиж буй орнуудад хүмүүс илүү тамхинд донтсон, өсвөр үеэсээ тамхинд ордог гэнэ. Жишээ нь Румын, Болгар, хуучин Югославын орнуудад өсвөр насныхны дунд тамхидалт их.
Тамхины томоохон компаниуд ашгаа хадгалж үлдэхийн тулд никотины эсрэг хуульгүй, эсвэл сул хуультай орнууд руу илүү чиглэж эхэлжээ. Тухайлбал, кино, клипэнд тамхи татаж байгааг үзүүлж, тамхины бүтээгдэхүүнийг сурталчилсан инфлюэнсерүүдэд илүү их мөнгө төлдөг болжээ.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан Э.МАРТ