Баруун бүсийн цагдаагийн алба хаагчдад зориулсан “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургалт Ховд аймагт эхэллээ.
Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Дотоод хэргийн их сургууль, Хөөрхөн зүрх төрийн бус байгууллага, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран зохион байгуулж буй энэхүү сургалт тавдугаар сарын 19, 20-ны өдөр үргэлжилнэ.
Сургалтын зорилго нь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх, цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах, тэднийг хохирогч төвтэй хандлагад суралцуулах, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны онцлогийг танин мэдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.
Сургалтын явцад бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн туршлага, мөрдөн шалгах арга зүй, шүүхийн шинжилгээ хийлгэхэд анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж, хохирогч хүүхдэд үзүүлэх хууль зүй, эмнэлгийн тусламж, сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээ, хүүхэдтэй ярилцах арга барилын тухай дасгал ажиллаж буй.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээгээр Ховд аймгийн хэмжээнд 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд оролцсон, хохирсон гэмт хэрэг 12 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм.
Иймээс сургалтын үр дүнд “Бэлгийн хүчирхийллийн улмаас хохирсон хүүхэдтэй ажиллах аргачлалд суралцаж, тэднийг дахин хохироохгүй байх, хэрэгцээт тусламж үйлчилгээ үр дүнтэй үзүүлэх зэрэг хүний эрхийн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах талаар цагдаагийн алба хаагчдын мэдлэг, хандлагад өөрчлөлт гарна. Цаашлаад насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, шалган шийдвэрлэх ажиллагааны үед хохирогчийг хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах үйл ажиллагаа сайжирна” гэж салбарын байгууллагын мэргэжилтнүүд үзэж байна.
Ховд аймгийн тухайд энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөн”, Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах чиглэлээр байгууллагуудын эцэг эхийн зөвлөлүүдийг оролцуулсан сургалт, хэлэлцүүлэг, олон талын оролцоот нөлөөллийн аян зэргийг зохион байгуулж буй.
Эх сурвалж: MONTSAME