Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт энэ сарын 17-ны өдөр баригдаж байгаа 14 давхар орон сууцны барилга угсралтын ажилд ашиглагдаж байсан цамхагт краны татуурга тасарсан осол гарсан.
Осол гарах үед барилга дээр ажилчид байгаагүй, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ажлаа зогсоож, тарсан байжээ. Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ямар нэг хохирол учраагүй бөгөөд аймгийн Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамтарсан шуурхай баг, холбогдох компанийн төлөөллийг байлцуулан ослын дараах нөхцөл байдалд үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна.
Үзлэг шалгалтаар тус краныг буулгах шийдвэр гарч, мэргэжлийн байгууллагаар буулгах ажлыг гүйцэтгүүлэх хүртэл краны аюулгүй байдлыг ханган хүчитгэл, бэхэлгээг хийлгүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ойр орчмын хөл хөдөлгөөнийг хязгаарлан, иргэдийг нүүлгэн шилжүүллээ.
Тус кран нь Монгол Улсын өргөх байгууламжын улсын бүртгэлд бүртгэлтэй, 2021 онд техникийн магадлал хийгдсэн, мэргэжлийн компаниар угсралт суурилуулалт хийгдсэн байна.
Барилга угсралтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөж, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.