Далай ашиглах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Тэгвэл энэхүү хуулиар төсвөөс гадуур зарцуулалт бий болох гээд байгаа асуудлыг анхааралдаа авахын Б.Энхбаяр гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатараас хүссэн байна.
Тэрбээр “Далайд гарцгүй хирнээ Далай ашиглах хууль яриад байна гэж иргэд гайхаж магадгүй. Манай улс далайд өөрийн улсын далбааг ашиглуулсан хөлөг онгоцноос жил тутам 2 тэрбум төгрөгийн ашиг олдог. Үүнтэй холбоотой төслийн 6.2-т нэг заалт байгаа юм аа. Энэ заалтыг УИХ-ын дарга анхааралдаа авч, болж өгвөл эцсийн хэлэлцүүлэг дээр чиглэл өгөөч ээ гэж хүсэх гэж байгаа юм.
Далай ашиглах хуулийн төслийн 6.2-т “Далайн захиргаа нь үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж, захиран зарцуулж үлдэх эсэхийг ногдол ашиг хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж байгаа юм.
Тэгэхээр энэ заалт зарчмаас зөрөөд байна л даа. Улс ашиг олж байгаа бол төсөвтөө нэгтгээд тэгээд УИХ нь мөнгөө хааш нь юунд зарцуулах вэ гэдгээ шийддэг нэг л гинжин урсгалтай гэж ойлгож байгаа. Монгол улсын үндсэн хуульд зааснаар ч гэсэн улсын төсвийг УИХ батална гээд заачихсан байгаа шүү дээ. Тэгсэн энэ хуулийн 6.2-т зааснаар бол төрийн өмчийн хороо болон зам тээврийн яам улсын орлого болох 2 тэрбум төгрөгийг өөрсдөө зарцуулаад үлдсэнийгээ улсын төсөвт төвлөрүүлнэ гэж байгаа байхгүй юу.
Гол зарчмаасаа эсрэгээр хуульдаа тусгачихсан. Зарцуулалтаа хүртэл өөрсдөө мэдээд батална гээд байгаа юм. Тэгэхээр энэ 2 тэрбум төгрөгийнхөө тэрбум 900-г нь өөрсдөө зарцуулчхаад үлдсэн 100 саяыг нь улсын төсөвт өгье өө гэхийг энэ хоёр байгууллагын дарга мэдэх гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол ерөөсөө маш зарчимгүй асуудал байна аа.
Энэ тэгээд Үндсэн хуульд заачихсан УИХ-ын бүрэн эрх эрхтэй нийцэж байна уу үгүй юу? Хэрвээ ийм байдлаар яам, агентлагууд өөрийн орлого гэж ярьдаг хураамжуудаа өөрсдөө зарцуулаад л үлдсэнийг нь улсын төсөвт нэгтгэж байна гэдэг зарчмыг бид энэ хуулиар зөвшөөрөөд яваад байвал их буруу зарчим руу орно. Тиймээс энэ асуудал байнгын хороон дээр яригдсан уу, яригдаагүй юу? Хэрвээ яригдаагүй бол үүнийг эцсийн хэлэлцүүлэг дээр үндсэн хуульд нийцүүлэх чиглэлээр хуралдаан даргалагч УИХ-ын дарга чиглэл өгч, Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээ авч өгөөч ээ гэсэн хүсэлттэй байна аа” гэжээ.
Б.ИРЭЭДҮЙ