Элон Маскийн “Starlink” компани Монголд салбараа нээжээ. “Старлинк сервисес Монголиа” ХХК хэмээх гадаадын шууд хөрөнгө оруулалттай тус компани гуравдугаар сарын 21-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд эцсийн өмчлөгчөөр Элон Маскийн нэр бичигджээ.
Үйл ажиллагааны чиглэл нь бизнесийн зөвлөгөө өгөх, мэдээллийн технологийн үйл ажиллагаа гэнэ.
Элон Маск дэлхийн тойрог замд 12 мянган ширхэг хиймэл дагуул байрлуулж, цэнхэр гарагийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернет нэвтрүүлэх хүсэлтэй билээ. Энэ ажил нь ч аль хэдийнэ хэрэгжиж, 32 улсад үйлчилгээгээ нэвтрүүлээд байгаа. Үүгээр зогсохгүй хиймэл дагуулын тоог дараагийн хэдэн арван жилийн турш нэмсээр 42 мянга болгох хэтийн зорилго бас бий ажээ.