Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын талаарх тоон мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас хүргэв. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8,258 осол бүртгэгджээ. Ослын улмаас 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхдийн амь нас хохирсон харамсалтай мэдээлэл байна.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч В.Хосбаяр “Сурагчдын зуны амралт удахгүй эхэлнэ. Тиймээс 10 хүртэлх насны хүүхдээ харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг анхааруулж байна. Хүүхдүүд скүүтер, цахилгаан дугуйгаар зорчсоноор осолд өртөх, эрүүл мэндээрээ хохирох асуудал цөөнгүй гардаг. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах нь чухал” хэмээн анхааруулсан юм.