Сошиал суваг нийгмийн амьдралд, улстөрийн бодлого, шийдвэрт хүртэл нөлөөлөх хэмжээний болчихоод байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Тиймээс хувь хүн, аж ахуй нэгж, тэр бүү хэл улстөрчид гэх мэт нийгэмд нөлөөлөх ашиг сонирхол бүхий этгээдүүд фэйсбүүк акаунт, пэйж хуудсандаа ач холбогдол өгөх болсон. Ийнхүү сошиал хэрэглээ нэмэгдэж, нөлөөлөл нь их болохын хэрээр үүнийг дагасан хуурамч хаяг олшрох, хуурамч хаягаар бусдын сэтгэл зүйд нөлөөлөх, уурлуулах, бухимдуулах, ямар нэгэн байдлаар тухайн хүнийг ямар нэгэн сөрөг үйлдэл хийхэд өдөөх болсон байна. Тиймээс ухамсарт хүн та хуурамч, тролл хаягийг ялгаж таних, таныг өдөж, турхирч, бусдыг элдэвлэж байгаа фэйсбүүк акаунт, хуудаснууд нь ямар зорилго агуулж байгааг мэдрэх мэдрэмжийг өөртөө бий болгох ёстой болжээ.
Сошиал орчныг дагаж савлаад байх уу, эсвэл бодитой мэдээлэл дээр өөрийнхөөрөө дүгнэлт хийж, ухамсарт үйлдэл хийх үү үгүй юу гэдэг нь таны сошиал хэрэглээний боловсролоос шалтгаална гэдгийг сануулъя. Хуурамч хаяг олширсон талаар Б.Идэр-Од ийнхүү цахим хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр “Facebook, Instragram, Twitter бүгдээрээ ялгаагүй хуурамч акаунтуудаар дүүрчихсэн байгаа. Намайг өчигдөр л гэхэд ийм их хуурамч акаунт дагаж байна. Олны үг ортой, бүгд л шэйрлэсэн байна билээ, олон зуун хүн коммент үлдээсэн байсан … гэдэг ойлголтоо зогсоох хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө бодлоор, сошиал дээр олноо хоосон дагаад байлгүй явах хэрэгтэй” хэмээжээ.
Б.Ирээдүй