Европын холбоо, түүний гишүүн болон түнш улс орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар Украинд болж буй хурцадмал нөхцөл байдлын талаар дуу хоолойгоо нэгтгэж буйгаа мэдэгдсэн юм. Хуралд Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаас гадна Франц, Канад, Герман, Чех, Польш, Болгараас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцож байр сууриа илэрхийлэхдээ цаашид ОХУ-аас эрчим хүч, нефть, хүнс гэсэн эдийн засгийн бүх хамаарлаа бууруулна. Дайны улмаас хүүхдүүд, эмэгтэйчүүд маш их хохирч, ОХУ олон улсын хууль журмыг ноцтой зөрчсөн учир үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой хэмээн тус улсыг эрс буруутгаж, эдийн засгийн шинэ хоригуудыг багцаар нь авна гэдгээ онцолсон. Манай сонин тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс дээрх мэдэгдэлд ОХУ-ын Элчин сайдын яамны байр суурийг тодруулан хүргэж байна.
-ОХУ-ын Зэвсэгт хүчний Украинд явуулж буй тусгай ажиллагааны үндсэн учир шалтгааныг Украин дахь 2014 оны хоёрдугаар сарын төрийн эргэлтийн дараа Киев, Донецк, Луганскийн хооронд илт өрнөх болсон дотоод мөргөлдөөнөөс мөн энэ бүс нутагт өрнөж буй геополитикийн бодлогоос хайх хэрэгтэй. Украин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнээс гарсан дороо буюу Киев нь холбооны бус нэгдмэл улс байгуулах зорилт дэвшүүлснээр улс төрийн дотоод зөрчилдөөний эхлэл тавигдсан. Харин геополитикийн мөргөлдөөний үндэс суурь нь 2008 онд Бухарест хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Киевийг тус эвсэлд элсүүлэх шийдвэр гарсанд оршино.
2014 оны хоёрдугаар сарын 21-нд Киевийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхэд батлан даагчдын үүргийг сайн дураараа хүлээж авсан Франц, Герман, Польшийн өөгшүүлснээр мөн оны тавдугаар сарын 22-нд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулснаар тус улсын хууль ёсны төрийн тэргүүн В.Ф.Януковичийг түлхэн унагасан үндсэрхэг үзэлтнүүд засгийн эрхийг гартаа авсан. Украинд «бүгдийг сүйтгэгч хүч»-ийг төлөвшүүлэхэд таван тэрбум ам.доллар зарцуулсан гадны «ивээн тэтгэгчид»-ийн дэмжлэгтэйгээр Киевийн шинэ эрх баригчид хуурамч ардчиллын уриа лоозон дор Оросыг барин тогтоох, де-факто буюу үнэн хэрэгтээ Оросыг дайран довтлох Барууны стратегийн төлөвлөгөөг дуулгавартайгаар хэрэгжүүлэх болсон. Москва найман жилийн турш Донбасст Киевтэй хэл амаа ололцож, яриа хэлцэл хийхэд нь туслахыг хичээсээр ирсэн. 2014, 2015 онуудын «Минскийн гэрээ хэлэлцээрүүд»-ийн дараа харилцан зөвшилцөх гарцыг олох боломжтой мэт санагдаж байв. Гэвч В.Зеленский засгийн эрхэнд гармагцаа Донбассын хоёр бүгд найрамдах улсыг албадан татан буулгах зорилт тавив. Украины тал хэлэлцээрийг хэрэгжүүлэхээс татгалзаад зогсохгүй Донбассыг цэргийн хүчээр эзлэн түрэмгийлэх ажиллагааг бэлдэж байсан ба Донецкийн тал энэ тухай баттай мэдээллийг олж авсан байсан.
Тиймээс үнэн хэрэгтээ бол бид ийнхүү ажиллагааг нь түрүүлж хэрэгжүүлсэн. Түүгээр үл барам энэ оны хоёрдугаар сарын 21-нд Москва БНЛАУ болон БНДАУ-ыг хүлээн зөвшөөрч, тэдэнтэй найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ байгуулсныхаа дараа ерөнхийлөгч В.Путин Киевт хэд хоногийн бодох хугацаа өгсөн юм. Украины тал өдгөө ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерын санаачилгаар 2015 онд байгуулсан «Минск-2» гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ ямар ч болзолгүйгээр биелүүлэхээ эргэн хүлээн зөвшөөрөх тухай хариуг дипломат шугамаар өгч, нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулах боломжтой байсан. Гэвч украинчууд нөхцөл байдлыг үнэн зөвөөр үнэлж, ойлгохын оронд 2022 оны хоёрдугаар сарын 22, 23-нд Донбассыг хүнд буугаар улам их буудах болсон. Түүгээр ч барахгүй эдгээр хүнд зэвсгийг Минскийн гэрээг илт зөрчиж, урьдчилан шилжүүлсэн байсан.
2014 онд барууныхан Донбассын хүүхэд, эмэгтэйчүүдийн хувь заяаг огт сонирхохгүй байсан. Өдгөө ч тэд хоёр нүүр гарган зөвхөн Киевийн хяналтад байгаа газар нутгийн хүн амд санаа зовсон царай гаргаж байна.
Гэтэл энэ найман жилийн хугацаанд Донбасст 15 мянган хүн алагдсан шүү дээ. Тиймээс Москва тэднийг хамгаалахын тулд хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн. Түүнчлэн өөрийн улсын аюулгүй байдалд заналхийлэх аюулыг зайлуулахын тулд хариу арга хэмжээ авсан. Бидний энэ арга хэмжээ нь НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд нийцэж байгаа. Манай улсын эсрэг авч буй урьд хожид байгаагүй хориг арга хэмжээнүүд нь юуны түрүүнд барууныхныг ихээхэн хохироов. Тухайлбал, өнөөдөр бид эрчим хүчний хамааралтай улс орнууд нь хязгаарлалтыг тойрч гарах нүх бүрийг хэрхэн хайж байгааг харж байна. Үүнд Оросын түүхий нефтийг худалдан авах хоригийг өөрсдийнхөө хувьд дөрөвдүгээр сарын 22 хүртэл хойшлуулж, энэ хугацаанд худалдан авалтаа эрс нэмэгдүүлсэн америкчуудыг нэрлэж болно. Эсвэл Оросын нүүрсний импортод тавьсан хоригоо наймдугаар сар хүртэл хойшлуулсан Европын холбоог ч нэрлэж болно. Шинэ хоригууд нь тэднийг тавьж буй улс орнуудад л шинэ асуудал үүсгэнэ. Хатуухан хэлэхэд өдгөө өрнөж буй үйл явдлууд нь сонгодог утгаараа хориг арга хэмжээ биш, харин дээрэм.
Барууныхан Оросын 300 гаруй тэрбум ам.долларын хэмжээний алтны нөөцийг царцаасан нь Вашингтон болон Брюсселийн ихэд санаа тавин, анхаарал хандуулаад байгаа олон улсын хууль тогтоомжийг илт бүдүүлгээр зөрчиж байгаа явдал юм. Энэ нь Оросын болон Оросын ард түмний, тэр дундаа буриад, халимаг, тувачуудын мөнгө юм.
Ер нь энэ дайныг «гибрид» буюу эрлийз дайн гэж нэрлэж болно. Учир нь олон улсын хууль тогтоомжийн дагуу зөвхөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл эсвэл Дэлхийн худалдааны байгууллагын холбогдох шүүхээс л ийнхүү хориг арга хэмжээ авах боломжтой.
Ёс суртахуун болоод хүний эрхийн зөрчлийн тухайд гэвэл сүүлийн 30 орчим жилийн хугацаанд Югослав, Афганистан, Ирак, Ливи, Сирид 6-7 удаагийн «балмад адал явдал» гэж нэрлэж болохоор бүтэлгүй дайн эхлүүлж, олон сая хүнийг зовлонд унагасан улс орнуудад Оросыг буруутгах ёс суртахууны ямар ч үндэслэл байхгүй. Өнөөг хүртэл энэ зөрчилдөөнүүд нь шийдэгдээгүй байна.
1999 онд Белград дахь Хятадын Элчин сайдын яамыг бөмбөгдсөн этгээдүүд яаж олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн тухай ярьж чадаж байна вэ. Орос улс нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ үргэлж биелүүлсээр ирсэн, биелүүлж ч байгаа. Гэтэл Оросын хийг тогтоосон ханшийн дагуу рублиэр худалдаж авах нь мөн бондын төлбөрийг рублиэр хийх нь Брюссельд түүний хууль бус хоригуудыг зөрчиж байгаа мэт санагдаж байна. Ташрамд дурдахад, яагаад барууныхан «Майданы Украин» буюу ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарсан тэр Украинаас огт өөр улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байх зарчмыг олон улсын эрх зүйн талаас дөвийлгөн дэвшүүлчихээд, харин бусад улс орны тэр дундаа Крым болон Донбассын хүн амын өөрийгөө тодорхойлох чухал зарчмыг үл тоомсорлож байгаагийн тодорхой тайлбарыг Оросын тал одоог хүртэл аваагүй байна. Энэ нь хуучин «метрополит» буюу эзэн улс орнууд нь тэдний колони байсан улс орнууд бие даан шийдвэр гаргаж буйтай зүрх сэтгэлдээ эвлэрч чадахгүй байгаагийн илрэл үү. Зөвхөн барууны өрсөлдөгчид болох ЗСБНХУ болон Югославын бүрэлдэхүүнд багтаж байсан ард иргэд л өөрсдийгөө тодорхойлох боломжтой юу. Барууныхны хариу үйлдэл ямар үр дагавартай байх талаар нэгдүгээрт, барууны орнууд Оросод нөлөөлж болох аливаа хөшүүргээ үгүй хийнэ. Хоёрдугаарт, манай улс Ази дахь түншүүдтэйгээ улам ойртоход түлхэц болно. Гуравдугаарт, доллар болон еврод итгэх итгэл улам алдагдаж, дэлхийн эдийн засагт олон асуудал үүснэ.
Ойрхи Дорнодын тэргүүлэгч улс орнуудыг үр тарианы нийлүүлэлтээс илүү хамааралтай болгосон «Арабын хавар» хэмээх үйл явдал дахин давтагдах боломжтой. Барууныхан хүчин төгөлдөр үйлчилж буй ялангуяа, дипломат яриа хэлэлцээний сувгуудыг татан манай олон арван дипломатчийг нийслэл хотуудаасаа хөөн гаргаж байгаад харамсаж байна.
Оросыг сонсох хүсэлгүй байгаа нь «хэвлэл мэдээллийн эрх чөлөө» болон цахим мэдээлэлд хандах хоёрдмол хандлагаар илэрч байна. Барууны хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд болон бусад хэрэгсэл нь өөрсдийнхөө илэрхийлснээс өөр байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ардчиллын зарчмууд нь тэдэнд ямар ч хамаагүй. Үнэндээ бол эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тоталитар хяналтын зэмсэг юм. Барууны орнуудад ардчилал байхгүй. Тэдний ардчиллаас хоосон бүрхүүл нь л үлдсэн. Харин бидний Монгол анд нөхөдтэйгөө харилцах харилцааны хувьд аль компанийг хувьчлах, аль компанийн хувьцааг гаргах, аль гадаадын хөрөнгө оруулагчдад ямар давуу эрх олгох, аж үйлдвэрийн ямар стандартыг хэрэглэх гээд Монгол Улсын стратегийн ач холбогдолтой дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа АНУ, Европын холбооны Элчин сайд нар янз бүрийн зөвлөгөө өгч, Монгол-Оросын хамтын ажиллагааг бүдгэрүүлэх гэж хэчнээн оролдсон ч бид хэзээд хоорондоо ярьж тохиролцож чадна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин