Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетын шинэчилсэн найруулгыг дөрөвдүгээр сарын 16, 17-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглохоор болжээ. Нөгөө ертөнцийн охин болон сүнснүүдийн гайхам сонин бүжгийг харуулахын тулд пуанты буюу хөлийн хуруун дээрээ явах үзүүлбэрийг илүү боловсронгуй болгож, түүнчлэн хөнгөн сүнсний нисэх мэт хөдөлгөөн, жингүй мэт агаарт хөвж харагдах олон хүнд үзүүлбэрийг баяртай, гунигтай олон хөгжимтэй хослуулан бүжиглэж, жүжиглэж болохыг анх харуулснаараа “Жизель” сонгодог урлагийн ертөнцөд балетын эзлэх байр суурийг өндөрт өргөсөн бүтээл гэгддэг. Адольф Шарль Адан хэмээх нэрийг урлагийн түүхнээ мөнхөлсөн энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг 1841 оны зургадугаар сарын 28-ны өдөр Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилж байв. Харин манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тогложээ. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын симфони найрал хөгжмийг Ц.Юндэн удирдах бол хөтлөх найруулагчаар СТА М.Нямтайван ажиллажээ. Дүрүүдэд Жизельд СТА Г.Батчимэг, Альберт гүнд А.Тэмүүлэн, ойн захирагч Гансын дүрд Б.Дөлгөөн, Батильдад Т.Энх-Уянга, Миртад Б.Марал нар тус тус тоглох аж. Түүхийг эргэн сөхвөл ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн залуу охин хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн “Фантомууд” хэмээх найраглалыг уншсан францын урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутьен сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч “Жизель” балетын цомнолыг бичсэн гэдэг. Харин цомнол болгон бичихэд нь зохиолч Ж.Сен-Жорж түүнд тусалсан аж.