Монголбанкнаас зарласан албан ханш өнөөдөр 11.00 цагийн байдлаар 2944 төгрөг байна. Харин валют солилцооны цэгүүдэд нэг ам.долларыг 3010-3030 төгрөгөөр худалдаж байна.
Монголбанкны албан ханш гэж юу вэ?
Валютын зохицуулалтын тухай хуулийн 5.2-д “Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг валютын зах дээр арилжааны банкуудын худалдсан, худалдаж авсан гадаад валютын ханшид үндэслэн тус улсын гадаад худалдаанд зонхилон хэрэглэж байгаа тогтвортой ханш бүхий чөлөөтэй хөрвөдөг аль нэг гадаад валютын тухайн үеийн ханштай жишин тогтоож нийтэд зарлана” гэж заасны дагуу Монголбанк тухайн өдөр банкуудын хийсэн арилжааны ханшийн жигнэсэн дундаж утгыг тооцож, зарладаг бөгөөд үүнийг албан ханш гэж нэрлэнэ.
Ам.долларын албан ханш: Төгрөгийн ам.доллартай харьцах албан ханшийг тооцохдоо Монголбанк арилжааны банкууд дээр хийгдэж байгаа ам.долларын гүйлгээний жигнэсэн дундаж ханшийг тооцож, зарладаг.
Бусад валютын албан ханш: Бусад валтютын төгрөгтай харьцах албан ханшийг тооцохдоо төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг Ройтерс терминалын 16:00 цагийн байдлаарх кросс ханшид хувааж тооцдог (Энэ нь хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт, худалдааны гол эргэлтийг бүрдүүлж байгаа ам.долларын бусад улс орны валюттай харьцаж байгаа ханшийг тусгадаг. Хоёрдугаарт, бусад улс орнуудын валютын доллартай харьцах ханшийн өөрчлөлтийг тусгадаг).
АЛБАН ХАНШ БОЛОН ТУХАЙН ҮЕИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШИЙН ЯЛГАА
Монголбанкны албан ханш нь банкуудын хийсэн валютын арилжааны жигнэсэн дундаж утгыг тодорхой цаг хугацааны хоцрогдолтой тооцоолж гаргасан үзүүлэлт учраас тухайн үеийн зах зээлийн ханш гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл, яг тухайн үед арилжааны банкуудын валют авч, зарж байгаа самбарын ханш болон валютын арилжаа хийдэг ББСБ-ын ханшаас ялгаатай байх боломжтой. Албан ханшийн хэрэглээ нь Валютын зохицуулалтын тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэл болон гаалийн татвар, тарифыг төгрөгөөр илэрхийлэхэд ашиглагддаг.
Эх сурвалж: gogo