Өнгөрсөн амралтын өрүүдэд буюу гуравдугаар сарын 26, 27-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 384 дуудлага мэдээллийг ирүүлжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэн ба ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүн амиа алдсан байна.
Ослын хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигчийг мөргөсөн 6 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Онхолдсон 3 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Мөргөлдсөн 2 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
- Явган зорчигчийг мөргөсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 2-10 хүртэлх насны 5 хүүхэд гэмтжээ. Хүүхдүүд бие даан хөдөлгөөнд оролцсоны улмаас гэмтэж бэртэх нь буурахгүй байна.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлын бүсийг зүүж хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 206 ЗӨРЧЛИЙГ БҮРТГЭВ
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 206 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 167, орон нутагт 39 зөрчил тус тус илрүүлсэн.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.