УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр Азийн хөгжлийн банкнаас авах 30 сая ам.долларын зээлийг асуудлыг хэлэлцээд байгаа. Монгол Улсын Засгийн газар бараг 100 тэрбум төгрөг болж байгаа энэ зээлээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тогтвортой, үр ашигтай мал аж ахуйг бий болгох төсөлд зарцуулна гэв.
Төсөл 2021-2027 онд хэрэгжих бөгөөд 100 тэрбумаар
- 11,600 малчныг хамарсан 466 бэлчээр ашиглах гэрээ байгуулж, 466 малчдын бүлгийг бий болгосноор бэлчээрийн менежмент, нөөцийн хэмжээг сайжруулна,
- Малчдад зориулан 14 мянган малын хашаа хороог сайжруулна,
- 382 шинэ усны худаг барих, сэргээн засварлах,
- 466 ус ашиглах гэрээг байгуулж малын ундны усны хүртээмжийг сайжруулна,
- 466 малчдын бүлэгт зориулж 14 мянган хадлангийн талбай, өвсний агуулах барих замаар малын тэжээлийг сайжруулна,
- 20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулах,
- Хадлан бэлтгэх, тэжээл хадгалах дэмжих замаар 466 малчдын бүлгийн малыг тэжээх,
- 54 мал эмнэлгийн чадавхыг сайжруулах замаар 11,660 малчны эрүүл мэндийг дэмжинэ гэв.
Малчдын нэрийг барьж байгаа Азийн хөгжлийн банкны 100 тэрбумын зээлд гэвч иргэд таатай хандахгүй байна. Зээлийг Хөгжлийн банкны зээлийн “найр” хуваарилалт шиг үр дүнгүй арга хэмжээ болно гэж үзэж байна.
Нөгөө талаар монголын мал аж ахуй бол хэдэн зуун мянган жилийн түүхтэй нүүдлийн мал аж ахуй. Малчид нь ундны ус зэргийг эс тооцвол өөрсдөө малын хашаа хороогоо сэлбэн, амьжиргаагаа залгуулж ирсэн.
Ийм үр дүнгүй зээл авч, 100 тэрбум (34 сая $)-ыг малчдын хашаа барих ажилд зориулна гэхийн оронд Эх нялхасын эмнэлгээ засаж сэлбэх хэрэгтэй гэсэн байр суурь олон нийтийн сүлжээнд дэмжлэг авч эхэлжээ.