Нийслэлийн ИТХ-ын Засаглал, Эрх зүйн шинэтгэлийн хороо Даваа гарагт хуралдахдаа
- “Нийслэлийн судалгаа, шинжилгээний хүрээлэн” төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай
- “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулах тухай
- Дүрмийн нэмэлт өөрчлөлт батлах тухай асуудлыг хэлэлцэж, санал солилцжээ.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ нийтийн тээврийн үйлчилгээ, тойрог зам барих гэсэн хоёр төсөл хэрэгжүүлнэ. Уг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхийком “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулахаар төлөвлөж буйг нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг танилцуулав.
Тус компани нь дээрх хоёр төслийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны зардлыг хэмнэх, төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор байгуулах аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой Засаглал, Эрх зүйн шинэтгэлийн хорооны гишүүд Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт ХХК-ийн эрх үүргийг тодорхой болгох, компанийн дүрэм боловсруулахад анхаарах саналыг гаргав. Улмаар дээрх асуудлуудыг нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн хуралдааны үеэр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлогын хэрэгжилтийн тайлан мэдээллийг сонсож, тэмдэглэлээр үүрэг өгөв.
Эх сурвалж: НИТХ