Сүүлийн гурван жилд зам тээврийн ослын улмаас 1981 хүүхэд хохирч, 166 хүүхэд нас баржээ.
- 2019 онд 49
- 2020 онд 61
- 2021 онд 51 хүүхэд амиа алдсан байна.
“Өнгөрсөн онд 14 хүүхэд гэр, хашаандаа тоглож байгаад машинд мөргүүлж амиа алдсан байна. Хашаанаас тээврийн хэрэгслээ гаргахдаа хүүхдийг харахгүй дайрч амь насыг нь хохироосон байна. Мөн орон нутгийн замд хүүхдийн амь хохирч байна. Аюулгүй байдал хангаагүйгээс хүүхэд золиос болдог. Сэлэнгэ аймагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй гурван хүүхдээ машинд авч явахдаа осол гаргаснаар хоёр хүүхэд амиа алдсан. Согтуу жолооч нар цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй байх нь бий. Тиймээс хүний амь насыг хамгаалахын төлөөх нөлөөллийн ажлыг эхлүүлж байна” хэмээн ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат мэдээллээ.
Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриан дор “Хүүхдийг зам тээврийн осол, гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” зорилгоор
- Онцгой байдлын ерөнхий газар,
- Гэмтэл согог судлалын үндэсний төв,
- Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв,
- Боловсролын ерөнхий газар,
- Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” нөлөөллийн хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
-Дэд хурандаа Д.Хадбаатар:
-Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд гамшиг ослын улмаас 800 гаруй хүн амиа алджээ. 2019 онд 25 хүүхэд гамшиг, осолд өртөж нас барсан ба 2021 онд нийт 62 хүүхэд гамшигт өртөж амиа алдсан байна.
Нас баралтын дийлэнх нь усны ослоос шалтгаалжээ. Тиймээс эцэг эхчүүд үүнд хамгийн их анхаарах шаардлагатай байна. Бага насны хүүхдийг гэртээ цоожлоод орхисноор хүүхэд галд өртөж нас барсан тохиолдол бий. Болзошгүй эрсдэлээс хамгаалахад эцэг, эхчүүдийн оролцоо маш чухал.
– ГССҮТ:
-Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд нийт 157 мянган хүүхэд осол гэмтэлд өртсөн нь нийт осол гэмтлийн 53 хувийг эзэлж байна. Үүний улмаас 133 хүүхэд амиа алджээ. Хүүхдүүдийн дунд тархины гэмтэл хамгийн их байна.
Сүүлийн гурван жилд 14 мянга гаруй хүүхэд зам тээврийн осолд өртсөн шалтгаанаар ГССҮТ-д иржээ. Ахуйн хэрэглээний осол аюулын харанга болж байна.